Засгийн газрын 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөнд ямар хөтөлбөрүүд багтав?

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-14 16:06:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэж, тус төлөвлөгөөг зохион байгуулах ажлын баг байгууллаа. 


Тодруулбал, Эдийн засгийн ажлын багийг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн ажлын багийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ахлахаар болов. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны үеэр сануулж, онцгой анхаарахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа.


Цар тахлын улмаас 2019 онд 5,2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.


Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд,


  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих "Залуус I, II, III" хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан юм.  
Холбоотой мэдээ