Б.Жавхлан: Вакцин гараад биднийг аврах байх гэж хүлээх бус сөрж амьдрах цаг нь болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлснийг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, “Монгол Улсын халдашгүй дархан байдал бол улсын хил байдаг. Хөрш орнуудтай хуурай газраар хиллэдэг манай орны хувьд хилийн асуудалд ямар нэгэн маргаангүй байх нь хамгийн чухал. Үүний тулд хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг тогтмол шинэчилж, боловсронгуй болгож хүндэтгэн сахиулах ёстой. Энэ хүрээнд ОХУ Монгол Улс хоорондын хилийг дахин шалгах асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Учир нь, Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай байгуулсан хилийн дэглэмийн гэрээгээр Монгол Улсын ОХУ хоорондын хилийг хамтран шалгах асуудал хугацаа нь болсон. Монгол Улсын автозамын хэвтээ тэнхлэгийн замын зүүн үзүүрийн 24.5 км зам хөрш оронтой холбогдоогүй. Энэ асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. 2024 оноос өмнө амжуулж ажил хэрэг болгох учиртай” хэмээв.
Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ХАЛТАР: 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Зам тээврийн салбарт онцлох ажлуудын тэргүүн эгнээнд Монгол Улсын хилийн боомтуудыг хатуу хучилттай автозамаар холбох ажлыг тусгасан. Үүний нэг нь, хэвтээ тэнхлэгийн Чойбалсангаас Хавиргын боомтын чиглэлийн 124.5 км хатуу хучилттай замын бүтээн байгуулалт 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Нийт улсын төсөвт 123 орчим тэрбумын хөрөнгө оруулалт шаардлагатай” гэлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Та бүгдийн өдөр тутам судлах асуудал бол Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрхзүйн байдлын тухай хууль, Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль шүү. Шийдвэр гаргахдаа энэ бүх хуулийг судалж, нийцүүлж, ажиллахыг хүсье. Монгол Улсын Засгийн газар Монгол Улын хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байна гэж Үндсэн хуульд тусгасан. Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого бичиг баримтыг баталсан. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан таван бичиг баримт байгаа. Мөн төлөвлөлтийн 3 бичиг баримт байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн төлөө анхаарч ажиллах ёстой. Үүнээс өөр бодлогын бичиг баримт батлуулах гээд УИХ-аар гүйгээд байх шаардлагагүй” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, “Засгийн газар, УИХ-ын тулгамдаж буй хоёр зүйл бий. Нэгдүгээрт, “COVID-19” цар тахалтай тэмцэж, вакцинжуулах ажлыг амжилттай хийх. Хоёрдугаарт, эдийн засгийн хүнд цохилтод өртсөн айл өрхүүдээ хамгаалах бодлого. Ирэх хоёр, гуравдугаар сард айл өрхүүдэд дэмжлэг хэрэгтэй байна. Бүх хүч нөөц бололцоогоо эдгээр сард чиглүүлэх хэрэгтэй. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний танилцуулгыг харлаа. Хамгийн залуу нь 38 настай, ахмад нь 65 настай мэргэжлийн Засгийн газар байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Бидний хувьд анхаарах нэг л том асуудал байна. Энэ бол цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, өсөлтийг бий болгох. Энэ бол Засгийн газрын хамгийн том шалгуур гэж харж байна. Одоо бол бидэнд гоё сайхан уран цэцэн үгс хэрэггүй. Нөхцөл байдал амаргүй, эдийн засаг хүнд байна. Өнгөрсөн онд эдийн засаг хасах гарсан. Монгол Улсын ДНБ олигтой ч байгаагүй. Дэлхийд 183 улс орноос 110-т бичигдэж байна. Үүнд Монгол Улсын сайдаар томилогдож буй хүн бүхэн анхаарч ажиллах ёстой” гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахлын энэ үед Засгийн газар шуурхай ажилдаа орох шаардлагатай гэж үзсэн. Тиймээс Засгийн газрын бүтцийг хэвээр нь оруулж ирэх ёстой гэж үзлээ. Яагаад гэвэл төсвийн тодотгол давхар хийгдэх, бүтцэд зөвшилцөх асуудал үүссэн. Үндсэндээ 5-7 хоног алдах нөхцөл байдал үүссэн учраас уг асуудлыг намраас оруулж ирнэ. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулах зорилт хэвээрээ байгаа” хэмээв.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, “Хөдөө орон нутгийн сумдын сургуулиудыг нэг ээлжид оруулбал ямар вэ. Дунджаар орон нутгийн ихэнх сургуулийн байр 640 суудалтай. Сургуулиудыг нэг ээлжид оруулах Засгийн газрын хөтөлбөр, зорилт байгаа. Үүнийг Ерөнхий сайд анхаарч ажиллаасай гэж хүсье. Мөн оюутны хөгжлийн зээлийн асуудлыг цэгцлэх нь зүйтэй. Оюутнуудаас УИХ-ын гишүүд рүү санал хүсэлт ирж байна. Буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнуудад жилд нийт 12 тэрбум өгдөг. Энэ жил 6 тэрбум төсөвлөсөн байна. Хөнгөлөлттэй зээлээр сурч буй оюутнууд зээлээ авч чаддаггүй, амьдралын боломж тааруу иргэдийн хүүхдүүд нь төлбөрөө төлөх боломжгүй зэрэг олон асуудал байгаа юм. Үүнийг Шинэ Засгийн газар анхааралдаа авч, оюутнуудын асуудлыг цэгцлэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Цар тахлын өмнөх болон дараах нийгэм, эдийн засгийн байдал асуудал болж байна. Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газрын хамгийн том хийх ажил бол цар тахлын хүнд үеэс гарах, эдийн засаг, нийгэмд үлдэж буй сөрөг үр дагаврыг арилгах асуудал нэн чухал байна. Айл өрхийг аль болох орлоготой болгох, ажлын байраар хангах асуудал маш чухал. ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо зэрэг олон улсын байгууллага манай улсад явуулсан сүүлийн үеийн судалгаанууд ихэвчлэн доогуур үзүүлэлттэй гарсан байна. Хувиараа бизнес эрхлэгчдийн 85 хувь нь хөл хорионы улмаас зогсчихсон. Иргэд дунджаас доош давхарга руу орох аюул Монгол Улсад нүүрлээд байна. Төрөх эмнэлгүүд, томоохон эмнэлгүүдийн нөхцөл байдал хүндхэн байна. Тэгэхээр амаргүй цаг үед журам, стандартыг дарга, цэрэггүй мөрдөж байх ёстой гэдгийг сайд нар хэвшүүлэх хэрэгтэй байна” гэв.
Шадар сайдад нэр дэвшигч С.Амарсайхан, “УОК нэн тэргүүнд голомтыг хумих, цар тахлын дэгдэлтийг бууруулахад бүх хүчээ дайчлан ажиллана. Нөхцөл байдал хүнд, цаашид ч хүндрэхийг үгүйсгэхгүй ийм үед Монгол хэмээх нэг “багийн тоглолт”, хүн бүрийн үүрэг оролцоо, сахилга бат чухал. Эдгээрийг хошуучилж ажиллах хүмүүс нь төрийн 200 мянган алба хаагч. Бид үйлдвэр үйлчилгээний байгууллагуудаа аль болох хаахгүй, үйл ажиллагааг нь хэвийн явуулж, ариутгал халдваргүйтлийг сахиулж, хяналт тавина. Хааж хорино гэсэн үг биш. Мэдээллийн ил тод байдлыг нэгдүгээрт тавина. Иргэдээ мэдээллээр бүрэн хангаж, айдас хүйдэсгүйгээр ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангана. Технологийн дэвшлийг илүүтэй ашиглана. Шинжлэх ухааны болон эрүүл мэндийн салбар, эдийн засгийн салбарын эрдэмтдийн зөвлөлийг оруулж, зарим шийдвэрээ гаргана. Аль болох эдийн засгаа барьж, хүн бүр ажил орлоготой байх зарчмыг баримталж ажиллана. Гадаад дахь иргэдээ татан авах, байрны хүрэлцээ, эрүүл ахуй аюулгүй байдал олон асуудал бий.
Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан, “Өнөөдөр бидний өмнө тулгамдаж буй эдийн засгийн сорилт, хүндрэл нь эдийн засаг буруу явснаас болоогүй. Энэ бол 2020 оноос эхлэн дэлхий дахины асуудал болсон “COVID” цар тахалтай шууд холбоотой. Халдварт өвчин дэгдэхээс ч өмнө Засгийн газрын олон зорилт биелж, төсвийн сахилга бат сайжирч, төсвийн алдагдал шат дараалан зорилтот түвшиндээ хүрсэн. Төв банкны валютын нөөц зорилтот түвшиндээ хүрч, инфляц нам дор түвшинд хүрсэн гэх мэт олон сайн үр дүнд хүрсэн. Гэвч дэлхийн улс орнуудын адил цар тахал хэмээх хүнд сорилтой нүүр туллаа. Бид цар тахлын сорилыг даван туулахаар ажиллаж байна. Вакцин гараад биднийг аврах байх гэж хүлээх бус сөрж амьдрах цаг нь болсон. Амны хаалтаа зүүж, зайгаа барьж, дархлаагаа дэмжээд үйлчилгээний цэгүүдээ шат дараатай нээх хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг сайжирна. Одоо эдийн засгийн онол, макро бодлого, уялдаа холбоо зэрэг сүртэй зүйлс ярих шаардлагагүй. Одоо УОК гэхгүй ард иргэдийн өөрсдийн эрүүл мэнд, сахилга бат, дархлаажуулалт, ариутгалын дэглэм маш сайн барьж, хувийн сахилга батаа сайжруулах шаардлагатай. Төв банканд 8 гаруй их наяд төгрөг хуримтлагдаж, эдийн засаг зогссон. Цаашид эдийн засгийг эргэлтэд оруулах боломжтой бүхэнд Засгийн газар онцгой анхаарна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Засгийн газар дөрвөн зорилт хэрэгжүүлнэ гэж бодож байна. Бид цар тахлыг даван туулахын төлөө хичээнгүйлэн ажиллана. Энэ хүрээнд вакциныг оруулж ирэхэд анхаарна. Засгийн газрын эхний 100 хоногт вакцин оруулж ирэх зорилт тусгасан. Хэрэв вакцин ороод ирвэл иргэдийн амьдралд өөрчлөлт орно. Аж ахуй нэгжүүдийн зогсонги байдал өөрчлөгдөнө. Цаашид жижиг дунд үйлдвэрлэл хувийн хэвшлээ хэрхэн дэмжих вэ гэдэгт анхаарч, цар тахлыг амжилттай даван туулах цогц хөтөлбөр гаргана. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана. Эрүүл мэндийн салбараа онцгой анхаарна. Гадаад дахь иргэдээ үе шаттайгаар татан авах зэрэг зохион байгуулалттайгаар төлөвлөлт гаргана.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, “Гадаадад суралцаад төгссөн залуусыг улстөрчид уруу татдаг бус ажлын байраар хангах тухай ярьдаг болмоор байна. Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг маш том зүйл хүлээж байна. Аж ахуй нэгж, иргэд орлогогүй болсон. Төрөөс төсвийн бодлогоор дэмжих ёстой. Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам хамтран ажиллах ёстой. Аж ахуй нэгжүүдийг дэмжихэд нэн тэргүүнд ямар ажил хэрэгжүүлэх вэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын цаана олон ажлын байр хадгалагддаг гэдгийг харж, дэмжих ёстой” гэв.
Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан, “Аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндхэн тусч байгаа нь гарцаагүй. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг энэ салбар нь хамгийн их ажлын байр шингээдэг хэсэг. Үүнд төрийн бодлого чиглэх ёстой. Ер нь гурван чиглэлээр цаашид ажил явах болов уу. 2020 оны хоёрдугаар улирлаас гаргасан олон хууль, Засгийн газрын болон УИХ-ын тогтоол бий. Энэ багадаагүй. Хэрэгжилт нь илүү үр дүнтэй, эдийн засагт үр нөлөөтэй байх ёстой. Үүнд анхаарна. Мөн аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цар тахлыг хохирол багатай даван туулахад мөнгөний бодлого, төсвийн бодлого онцгой анхаарах хэрэгтэй. Миний бодлоор жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүжүүлэх системийг өөрчлөх хэрэгтэй. Төсвөөс холдуулж, улс төрөөс үл хамааран сайн явж байгаа улс орнуудын жишээ бий. Энэ талаар хууль эрхзүйн олон өөрчлөлт хийнэ” гэв.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажилтай, орлоготой болгох ажил бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт 150 мянган ажлын байр бий болгоно, ядуурлыг хоёр дахин бууруулна гэж орсон.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарласан бөгөөд 21.00 цагт Засгийн газрын гишүүдээр тангараг өргүүлэх болов. Ингэснээр Засгийн газрын гишүүд албан ёсоор томилогдох юм.