Соёлын өвөө бүртгүүлж баталгаажуулснаар эрхзүйн харилцаатай болно

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2021-01-22 16:01:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол хүн бүр үндэснийхээ соёл, оюуны өвийг тээгч байдаг. Нэг ёсондоо монгол хүн эдэлж хэрэглэж буй зүйл болон хэл, харилцаагаараа монгол үндэснийхээ соёл, оюуны өв залгамжилагч нь байдаг. 

Тиймээс Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар иргэд өөрсдийн өмчлөлд байгаа, өмчилж буй соёлын өвөө бүртгүүлэхээс эхлээд тодорхойлуулж бататгаажуулах боломжтой талаар Соёлын өвийн Үндэсний төвөөс мэдээлж байна. 

Бүртгүүлж, тодорхойлуулан бататгаажуулснаар соёлын өвөө худалдах, үзэсгэлэн гаргах, музейд тавих, барьцаалах, орлого олох, тэр ч байтугай оюуны өмчөөр бүртгүүлэх, барааны тэмдэгт авах зэргээр эрх зүйн төрөл бүрийн харилцаанд ордог байна. Гэхдээ үүний өмнө тухайн соёлын өвөө Улсын санд бүртгүүлсэн байх ёстойг албаныхан хэлж байна. 




Соёлын өвөө бүртгүүлж, тодорхойлуулан бататгаажуулснаар худалдах, үзэсгэлэн гаргах, музейд тавих, барьцаалах, орлого олох, тэр ч байтугай оюуны өмчөөр бүртгүүлэх, барааны тэмдэгт авах, хамгаалуулах, сэргээн засварлуулах зэргээр эрхээр хангагдан эрхзүйн төрөл бүрийн харилцаанд ордог.


Тодруулбал, иргэд оршин суугаа харъяа нутаг дэвсгэрийнхээ бүртгэл мэдээллийн санд цахим хэлбэрээр бүртгүүлж болохыг Соёлын өвийн Үндэсний төвөөс мэдээлж байна. Бүртгүүлэхдээ өргөдөл хүсэлтээ бичээд тухайн соёлын өв нь ямар нэг маргаангүй гэдгээ нотлох юм. Ингэхийн тулд холбогдох материалыг бүрдүүлнэ. 

Үүний дараа Соёлын өвийн Үндэсний төвийн шинжээчийн зөвлөлөөр оруулж гарал үүслээс эхлээд уламжилж ирсэн болон худалдаж авсан эсэх, үнэхээр соёлын өв мөн үү гэдгээ тодорхойлуулж гэрчилгээ авах юм. Ингэснээр дээр дурдсанчлан соёлын өвөө үнэ төлбөргүй сэргээх засварлуулах, хууль хяналтын байгууллагаар хамгаалуулах, музейд түр гэрээгээр хадгалуулах зэрэг эрхээр хангагдах аж. 

Тодруулга: Соёлын өв нь биет болон биет бус өв гэж байдаг. Соёлын биет өв гэдэг нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг хэлдэг байна. Биет бус өвд Монголын ард түмний оюун санаагаар бүтсэн эх хэл, ардын зан заншил, мэдлэг ухаан, дуу хөгжим, наадам, ардын арга ухаан, уламжлалт технологи зэрэг соёлын өвийн олон төрөл багтдаг. 


Холбоотой мэдээ