Шүүгчийн цалин

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-01-22 12:13:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ “Шүүхийн тухай" хуулийг шинэчлэн (2021-1-15баталлаа. Энэ хуулийг хууль тогтоогчид шүүхийг шинэ шатанд гаргана хэмээн онцолж байна. Шинэ хуулийн амин сүнс нь “Шүүхийн ерөнхий зөвлөл  (ШЕЗ), шүүхийн сахилгын хороо (ШСХ)-ны гишүүдийн сонгон шалгаруулалт ажил үүргийнх нь хуваарийг илүү тодорхой болгосон. Шүүхийн шийдвэрт шүүгч тухайн шийдвэрийг яагаад гаргасан юм бэ? гэсэн тайлбарыг тусгах үүрэгтэй болсон. Эдгээр нь шүүхийг шинэ шатанд гаргах гол суурь нь хэмээн тайлбарлаж байна. Шүүхийн тухай хуулийн эргэн тойронд эдгээрээс гадна олон зүйлийн мэдээлэл хөвөрч, олон янзын байр суурь гарч байсан юм. Тэр бүхнийг одоо ярих нь нь илүүц. Харин тэдгээрээс шүүгчийн авдаг цалингийн талаарх  мэдээлэл, байр суурийг эргэн харах нь иргэдийн мэдэх эрхэд илүү нийцэх болов уу?


Шүүхийн хуулийг шинэчлэн батлахаас өмнө “Шүүгч  нар асар өндөр цалинтай. Сар бүр 5-6 сая төгрөг гар дээрээ авдаг” гэсэн ойлголт нийгэмд давамгайлж байжээ. Гэхдээ энэ цаг үе шиг бусдын анхаарлын төвд орж байсангүй. Шүүхийнхэн ч энэ талаар өнгөрсөн хугацаанд цэгцтэй ойлголт өгч чадсангүй. Тийм учраас хуулийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд гишүүдийн авч хэлэлцэх нэг гол асуудал болон хувирав бололтой.


УИХ-ын дэд дарга, гишүүн Т. Аюурсайхан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “Шүүгчийн үндсэн болон нэмэгдэл цалин ШЕЗ-ийн гаргаж өгснөөр 6 сая 731 мянга 628  төгрөг байна. Энэ дээр тайлбар авна" гэж хэлсэн нь энэ сэдвийн ноён оргил нь болсон юм. Гишүүний дээрх асуултад "Шүүхийн тухай" хуулийн ажлын хэсэгт ШЕЗ-ийг төлөөлөн оролцсон Л. Атарцэцэг “6.5 төгрөгийн цалин авдаг шүүгч байхгүй. Ийм яриа яагаад гараад байгаа юм бэ гэхээр ШЕЗ-д шүүгч нарийн ажилласан жил, авдаг цалин жагсаасан жагсаалт байдаг юм. Тэр жагсаалтад шүүгчид олгох онцгой ажлын  (2 хувь)- ын болон төрд ажилласан жилийн нэмэгдэл  (5-25 хувь) нэмээд 40 жил ажилласан хүн 6.5 сая төгрөгийн цалин авах боломжтой гэсэн тооцоолол байдаг. Түүнийг үндэслээд энэ тоо  гарч ирээд байгаа юм. Шүүхэд одоогийн байдлаар 35 жил ажилласан1-2 шүүгч (тоог нь санахгүй байна) байгаа. Тэд нар энэ цалинг авдаггүй юм" гэсэн тайлбар хийжээ. УИХ-ын гишүүний асуусан асуулт, ажил хариуцсан мэргэжилтний тайлбар хоёр шүүгчийн цалингийн учрыг олох гол гогцоо сэжүүр нь болсон билээ.


Шүүгчийн хараат бус, шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын төсвийн тухай хуульд нийцүүлэн УИХ-аас дэмжлэг үзүүлж, 2015 онд шүүгчдийн болон шүүхийн захиргааны ажилтнуудын цалинг нэмэхэд зориулж 15 тэрбум төгрөг нэмэн баталж байжээ. Монголын нийгэмд шүүгчдийн цалингийн талаар багагүй хэлэлцүүлэг энэ мэт  өрнөсөн.


Шүүгч нарын цалин 2,7-3,3 сая төгрөгийн хооронд байгаа. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 3,3 сая төгрөг, анхан шатны шүүхийн шүүгч 2,7 сая төгрөгийн үндсэн цалин авч байна. Үүнээсээ татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөд  анхан шатны шүүхийн шүүгч бол 2,3 сая төгрөгийн цалин авдаг гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрсөн билээ.


Монгол Улсын хэмжээнд 523 шүүгч шүүн таслах ажлыг хэрэгжүүлж байгаа юм байна. Нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал анхан шатны шүүхийн хувьд 125.5 байсан  аж. Харин энэ тоо 2019 онд 195.1 болж нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 1.6 дахин нэмэгджээ. Аймаг, нийслэлийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 699 шүүгч ажиллах учиртай. Гэвч Аймаг, нийслэлийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 390, давж заалдах шатны шүүхэд  111, энэ хоёр шатны шүүхэд 501 шүүгч ажиллаж байгаа аж. Эдүгээ дээрх  хоёр шатны шүүхэд  198 шүүгчийн орон тоо дутуу байгаа гэсэн тайлбарыг ШЕЗ-өөс өгчээ.


Шүүхийн захиргааны байгууллагад ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ 616 мянган төгрөг байдаг. Тэдэнд ямар нэг нэмэгдэл урамшуулал байхгүй байжээ.  Шүүхийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн захиргааны ажилтны цалин хоёр дахин нэмэгдэнэ. Шүүгч нарын цалинд ямар нэг өөрчлөлт ороогүй. Гэхдээ шүүгчийн нэмэгдэл үндсэн цалингийнх нь 55 хувиар хязгаарлагдана .

Холбоотой мэдээ