Ил, задгай хаясан амны хаалт халдвар тархаах ауюлтай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд амны хаалтаа хаана яваа газраа ил задгай хаясан байдлыг нийслэлийн гудамж талбай, автомашины зогсоол зэргээс харж болохоор байгаа. Ийм байдлаар хаясан амны хаалтаас коронавируст халдвар тархах магадлал их байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр сэрэмжлүүллээ.
ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл хэлэхдээ, "Бохир амны хаалт нь халдвар тархаах их уурхай болох эрсдэлтэй. Тийм учир бохирдсон, ил задгай хаясан амны хаалтаас агаар дуслын болон ахуйн хавьтлын замаар халдвар авах магадлал өндөр. Хавар урин дулааны улиралд бохир амны хаалт салхинд хийсэж, таны ам, хамар, үс, толгойд хүрэх юм бол халдвар тархана гэсэн эрсдэлт бүх хувилбарыг санаж, сэрэмжилж явах хэрэгтэй. Өнөөдөр асууж буй, ТҮК-ийн цэвэрлэгээний ажилтнуудын хувьд амны хаалтаас халдвар авсан эсэхийг бид тогтоогоогүй, нотлогдоогүй байна" гэв.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар хэлэхдээ, хог хаягдалтай ажиллаж буй цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнууд халдвар авах эрсдэл өндөртэй байдаг учир халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллах шаардлагатай. Энд ялангуяа зам, талбай цэвэрлэж буй болон хог хаягдал боловсруулахаас эхлээд ачиж тээвэрлэж байгаа жолооч, ажилтнууд хамгаалалтын бээлий, хувцас комбизонтой ажиллах ёстой гэдгийг дурдлаа.