Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг орон нутгаас дэмжиж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-01-09 16:13:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт дөрвөн найз хамтран “Сонгомол хишигтэн” ХХК-ийг байгуулан Францын суффольк үүлдрийн хонийг монгол хоньтой хээлтүүлэн, махны чиглэлийн түргэн өсөлттэй хонин сүргийн цөм бий болгохоор ажиллаж байна.

Тус компанийн үйл ажиллагаатай аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат болон Хонгор, Орхон сумын удирдлагууд танилцлаа.

Суффольк үүлдрийн хонины эрлийз хурга нь хүйтэнд тэсвэртэй учраас манай орны нөхцөлд тохиромжтой бөгөөд тэжээлээр бордвол 8 сартай хурга нь 70 хүртэлх жин татдаг аж. “Сонгомол хишигтэн” ХХК нь одоогоор 750 эм хонь, 7 цэвэр цусны хуцтай бөгөөд энэ хавар 50 хувийн төл хүлээж авна хэмээн тооцоолж байгаа гэлээ.

Малын зохиомол хээлтүүлгийн чиглэлээр өөрийн ажилтныг Өвөрмонголд сургаж, дээрх үүлдрийн хонийг аймаг орон нутагтаа нутагшуулан, технологийн дагуу арчлан маллаж, цэврээр нь үржүүлэхэд технологи, арга зүйн боломж бүрдсэн ба аймгийн ХХААГ, Малын удмын сантай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Харин орон нутгаас ногоон тэжээл тариалах газрын асуудлыг шийдэж өгвөл энэ чиглэлээр үр ашигтай, тууштай ажиллах боломж нэмэгдэнэ гэж тус компанийн захирал С.Хасагсүх ярьж байна.

Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, 150 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр махны болон сүүний чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн үхэр авчирч фермерийн аж ахуйгаар өсгөн үржүүлж байгааг танилцуулсан юм.

Бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, малын тооны хэт өсөлт зэрэг нь нөөцийн хязгаарлагдмал байдлыг үүсгэж, МАА үйлдвэрлэлийг явуулах арга барилыг өөрчлөн, боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед малын тооноос илүү чанар, үр ашгийг түлхүү анхаарч эрчимжсэн МАА эрхлэгчдийг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжихээ ИТХ-ын С.Насанбат онцоллоо.

Үүний тулд эхний ээлжинд манай аймагт эрчимжсэн МАА-н чиглэлээр ажиллаж буй ААНБ-уудын нэн тэргүүний хэрэгцээ болох ногоон тэжээл тарих газрын асуудлыг шийдвэрлэхийг сумын удирдлагуудад чиглэл болголоо.

 

Холбоотой мэдээ