Жаргалант сумын сургуулийн байрыг хамтарсан хөрөнгө оруулалтаар засч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-05-31 13:21:44

Ховд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант сумын  ерөнхий боловсролын 12 жилийн 2 дугаар сургуулийн их засварын ажилтай танилцлаа.

Тус сургуулийн 920 хүүхдийн хичээлийн байрны барилгын дулаан техникийн засварыг Орон нутгийн хөгжлийн сангийн 150 сая, Жаргалант сумын ОНХС-ийн 50 сая, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Германы эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны яам хамтран 580 сая, нийт 780 сая төгрөгийн төсөвт өртгөөр Тулгат багана ХХК-иар гүйцэтгүүлж байна.

Энэхүү хамтарсан хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа их засварын ажил хийгдсэнээр хичээлийн барилгын хана, дээвэр, цонхны дулаан алдалтыг бууруулж, хүүхдүүд тав тухтай орчинд сурч хөгжих боломж бүрдэх юм.

Эрчим хүчний үр ашиг төсөл 2-р сургуулийн их засварын ажлыг хийж дууссаны дараа Чандмань сумын цэцэрлэг, Жаргалант сумын 3-р цэцэрлэг, Халдвартын эмнэлэгийн барилгуудын дулааны алдагдлыг бууруулах  төсөл хэрэгжүүлэх юм.

Дээрх газруудын хамтарсан хөрөнгө оруулалтаар өмнө нь Жаргалант сумын 5-р цэцэрлэг, Дуут сумын хүн эмнэлгийн байрны барилгын дулаан техникийн засварын ажлыг хийж хүлээлгэн өгсөн юм.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ