Цагааннуур боомтоор ирсэн шатахууныг 8 агуулахад хадгалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2020-12-01 13:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсэж буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал даваа гарагт болов.


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан уг  хуралд ЗТХЯ, ГХЯ, ХХЕГ, ГЕГ, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд гарч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцжээ.


“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон хилийн боомтуудад хийгдэж буй тээвэрлэлтийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийв.


Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга, хошууч  генерал Ш.Лхачинжав: “Замын-Үүдэд гарсан халдварын тархалтыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг, сумын удирдлагуудтай хамтран ажиллаж, улс хоорондын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын талд гарч ажиллах 50 жолоочийг Замын-Үүдэд тусгаарлах асуудлыг ярьж байна. Хилийн орчим ХААН банкны байрыг тусгаарлалтад ашиглах боломжтой байна” гэлээ.


Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг: “Бээжин дэх Элчин сайдын яамнаас нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Эрдэнэчимэг Эрээнд ирж ажиллаж байгаа.  Эрээн хотын Засгийн ордны удирдлагуудтай цахим хурал хийхээр тохирсон байна” гэв.


Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан: “Цагааннуур боомтоор импортолж буй шатахуун, хийн түлшийг Баян-Өлгий аймагт найман агуулахад буулгаж байна. Аймгийн мэргэжлийн хяналт, зооноз, цагдаа, автотээврийн байгууллагууд хамтран халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхэд анхааран ажиллаж байна” хэмээн танилцууллаа.


“Замын-Үүд боомтоор гарч эм, эмнэлгийн бүтээгдэхүүн авчрахаар явсан хоёр машиныг хилээр нэвтрүүлэхэд туслах, Өмнөговь аймаг руу хийж буй хүнс, шатахуун, тэсэлгээний бодис, Оюутолгойн хангамжийн тээвэрлэлт хийж буй жолооч нарын хөдөлгөөнд хяналт тавих, Гашуунсухайт боомтоор богинын тээвэрт ажиллах автомашины тоог цөөлөх шаардлагатай байгаа” талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн гаргасан санал, хүсэлтийг холбогдох газруудтай зөвшилцөж, хэрхэн шийдвэрлэх гарц гаргалгааны талаар ярилцсанаар шуурхай бүлгийн энэ хурал өндөрлөв” гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ