Монгол, Узбекистан Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг хамтран судална

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-10-30 15:13:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн орлогч сайд Ф.А.Сидиковтай өнөөдөр цахим уулзалт хийв.


Уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, зам тээвэр, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг салбарт түлхүү хөгжүүлэхээр ярилцав. Монгол, Узбекистаны ГХЯ -ны зөвлөлдөх уулзалтыг тогтмолжуулах хүрээнд ээлжит уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болов.


Узбекистан улс худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүрээнд манай улстай худалдааг нэмэх, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг хэрэгжүүлэх боломжийг хамтран судалж, худалдааг өсгөх, зам тээврийн нөхцөлийг сайжруулах талаар санал солилцож ажиллахаар тогтов. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, хоёр улсын шинжлэх ухаан, боловсролын байгууллагуудын солилцоог дэмжиж талаар ярилцав. Гадаад харилцааны дэд сайд нар Монгол, Узбекистаны харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч, байгуулахаар төлөвлөж буй баримт бичгүүдийг бэлтгэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тохиров.

Холбоотой мэдээ