Филадельфид эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор хөл хорьжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-29 10:51:06

НЬЮ-ЙОРК. /TASS/. Өнгөт арьст эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсан хэрэг гарсны дараа эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Пенсильван муж улсын Филадельфи хотод хөл хорих цаг тогтоосныг тус хотын дарга мэдэгджээ.


Хөл хорих цаг 10 дугаар сарын 28-ны 21:00 цагаас 06:00 цагийн хооронд хэрэгжинэ. Энэ цагт хүмүүс зөвхөн ажилдаа явах эсвэл эмнэлгийн болон яаралтай тусламж хүсэх, мөн шуудангаар саналаа илгээхийн тулд гэрээсээ гарч болох аж. Хөл хорионы үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ажилтнуудад мэргэжлийн үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрсөн байна.


Хотын эрх баригчдын мэдээлснээр, хоёр шөнө дараалан үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр 170 гаруй хүнийг баривчилжээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчидтой мөргөлдөх үеэр 50 гаруй цагдаа гэмтэж бэртсэн байна. Хотод дэг журам сахиулахаар Үндэсний гвардын хэдэн зуун цэргийг дайчилжээ. Цэргүүд Филадельфид баасан гаргаас хэтрэхгүй очих аж.


Аравдугаар сарын 26-нд Уолтер Уоллес гэгч 27 настай, өнгөт арьст эрэгтэйг цагдаа нар буудан хөнөөсөн хэрэг эмх замбараагүй байдал дэгдэх шалтгаан болсон байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдэгдэж буйгаар уг эрэгтэй хутгаар зэвсэглэсэн байсан байсан бөгөөд зэвсгээ хая гэсэн шаардлагыг нь биелүүлээгүй учир цагдаа нар гал нээсэн байна. Тэрбээр шархаа даалгүй нас баржээ. Удалгүй Филадельфи хотод эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, үймээн самуун болж даамжирсан байна.


Холбоотой мэдээ