Зудын эрсдэл өндөр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-10-16 20:04:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 2020 онд зургаан сая гаруй, хонин толгойд шилжүүлснээр 10 сая гаруй толгой мал тоологдсон. Өвөлжиж, хаваржих малын тоо бэлчээрийн даацаас хэд дахин хэтэрснээс гадна аймгийн хэмжээнд зуншлагын байдал муу байсантай холбоотойгоор зудын эрсдэл өндөр байгаа юм.

Зудын эрсдэлийн зураг мэдээгээр Баянхонгор аймгийн нийт нутгийн 60 гаруй хувь нь их, 30 гаруй хувь нь нэн их, 10 хүрэхгүй хувь нь дунд зэрэг эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Бэлчээрийн даац хэтэрсэн, зудыг эрсдэлтэй зэрэг нөхцөл байдлаас үүдэн аймгийн ХХААГ-аас цаг үеийн ажил арга хэмжээнүүдийг өрнүүлж байна. Ингэхдээ аймаг дундын отрын бүс нутагт малыг нүүлгэн шилжүүлэх, мал, махны экспортыг нэмэгдүүлж, амьдаар нь гаргах ажлыг зохион байгуулах, өвс тэжээлийн бэлтгэл, хангалтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээний болон Дархан газарт отор нүүдэл хийхэд уст цэг нэмэгдүүлэх зэрэг ажлыг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар өөрийн аймгийн бусад сумын нутагт долоон сумын 140 өрхийн 10.606 толгой мал, бусад 17 аймаг 

/Говь-Алтай, Завхан, Архангай, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Төв, Говьсүмбэр, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган, Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Ховд, Хөвсгөл, Дархан/ Улаанбаатар хотод 491 өрхийн 170.287 толгой мал намаржиж байна.

Холбоотой мэдээ