Их найрагчийн танхим энэ жил зочин их байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-12 19:20:46

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн төв музейн алдартнуудын танхимд Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн танхим бий. Тус музейг үзэж сонирхохоор ирсэн хүн бүр энэ танхимаар заавал ордог. Энэ жил гэхэд давхардсан тоогоор 3500 гаруй зочин үзэж сонирхжээ.

Энэ жил COVID-19 цар тахлын халдвараас сэргийлэх хөл хорионы цаг үе давхацсан ч гэлээ зочин их байсан. Тус танхимын нэгэн өрөөг найрагчийн эдэлж хэрэглэж байсан зүйлээр тохижуулжээ. Энэ өрөөнд их найрагчийн сууж байсан сандал, бичгийн ширээ, бэхийн сав, үзэг бал, номтой тавиур, цаг хүлээн авагч, зурагт, уншигчтай хийсэн уулзалт, уран бүтээлээсээ уншиж, уншигчийн асуултад хариулсан бичлэг гээд сонирхолтой үзмэрүүд бий.

Мөн уран бүтээлээ бичиж байсан бичгийн машин, ойр зуурын зүйлээ хийдэг байсан бяцхан хөргөгч, сархдын дээжээ хундагалдаг зургаан ширхэг мөнгөн хундага бий.  Сонирхуулбал хол ойроос ирсэн хот хөдөөгийн зохиолч, яруу найрагчид эл өрөөгөөр заавал орж, их найрагчдаа хүндэтгэл үзүүлж, шүлэг найргаа уншиж, жаврыг үргээхийн ялдамд найрагчийн мөнгөн хундаганд сархдын дээжээс амсаж, онгод хийморио сэргээж, их найрагчтай уулзах шиг болоод гарцгаадаг уламжлал бий. Энэ өрөөгөөр энд тэндхийн хүмүүстэй орж гарч явахад их найрагч саяхан сууж байгаад ойр зуур гарсан юм шиг, одоохон ороод ирэх юм шиг л санагддаг юм хэмээн нутгийн яруу найрагчид ярьдаг гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс мэдээлэв. 



Холбоотой мэдээ