Олимпын бамбарын буухиа 2021 оны гуравдугаар сарын 25-нд эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-09-28 14:49:24

ТОКИО. /TASS/. Ирэх жил Токио хотноо болох зуны Олимпын наадмын бамбарын буухиа гуравдугаар сарын 25-нд Фүкүшима мужаас эхэлнэ гэж тус наадмыг зохион байгуулах хорооны цахим хуудсанд мэдээлжээ.


Цар тахлын улмаас хойшлуулсан Олимпын наадмын бамбарын буухиан хуваарь, чиглэлд өөрчлөлт оруулаагүй байна. Наадмыг эхлүүлэх өдрийг нэг өдрөөр урагшлуулсан учир бамбарыг буухиалах өдөр мөн өмнө нь товлосноос нэг өдрийн өмнө эхэлнэ. Буухиа төлөвлөсний дагуу 121 хоног үргэлжлэх бол бамбарыг Японы бүх 47 мужаар буухиалан авч явна.


Үүний зэрэгцээ Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн мөнгө хэмнэх үүднээс бамбарыг буухиалах хүмүүсийн араас дагаж явах тээврийн хэрэгслийн тоог цөөлөх, муж болгонд зохион байгуулах холбогдох баяр ёслолын цар хүрээг багасгахаар төлөвлөжээ.


Японы нийслэл Токио хотноо энэ оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зуны Олимпын наадам болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио 2020” нэрийг нь хэвээр үлдээхээр болсон юм.


Олимпын наадмын бамбарыг хойшлуулах шийдвэр гаргахаас өмнө Японд авчирсан бөгөөд одоо Олимпын гол цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох музейд олон нийтэд үзүүлэхээр түр байрлуулжээ.  


Холбоотой мэдээ