Талбайн сортын хянан баталгаа хийх ажил үргэлжилж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-31 17:18:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ жилийн ургац хураалтын явц, үр тариан талбайн сортын хянан баталгааг хийж байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт 13 сумын 23 аж ахуйн нэгж, иргэдийг хамруулаад байгаа аж. Эдгээрийн нийт 7696 га талбайн 10 сортын үр тарианд сортын хянан баталгааг хийжээ. Энэхүү үйл ажиллагааг аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран хийж байгаа бөгөөд талбайн сортын хянан баталгаа хийх ажил үргэлжилж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалахад төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор хийдэг ажил юм. Үүнийг газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргах зорилгоор хийдэг ажээ. Энэхүү газрын хянан баталгааг бэлчээрийн газрын, тариалан, атаршсан газрын, хот суурин газрын гэсэн төрлүүдээр улсын хэмжээнд таван жил тутам хийдэг бөгөөд эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, гүйцэтгэн дүгнэлт гаргадаг юм байна. Түүнчлэн энэ нь улсын хэмжээний бэлчээр, тариалан, хот суурин газрын төлөв байдал, чанарт нэгдсэн хяналт тавих, чанарын өөрчлөлт гарсан, үржил шим буурсан газарт ашиглалтыг зохицуулахад чухал ач холбогдолтой ажил аж.

 

Холбоотой мэдээ