Уул уурхайн хайгуул, олборлолт хийгээд эзэнгүй орхисон газрыг тоолж бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-27 15:14:47

Улаанбаатар/МОНЦАМЭ/. НМХГ-аас улсын хэмжээнд энэ оны байдлаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа 64 ААН-д хяналт шалгалт хийснээс 11 ААН-д зөрчлийн хэрэг нээж, 25 ААН-д хялбаршуулсан журмаар нийт 18500  гаруй мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.


БОАЖЯ, Уул уурхайн яам, НМХГ, Экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт-2020” аяны хүрээнд
уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.


2017 онд 96 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд 93 ашиглалт, 3 хайгуул, 32 ААН шүүхийн захирамжаар эвлэрлийн гэрээ байгуулж 14 тусгай зөвшөөрөл сэргэсэн ба 39 ААН шүүхэд хянагдаж байна. Одоо нийслэлийн хэмжээнд ашиглалтын 86 тусгай зөвшөөрөл, хайгуулын 82 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа аж.


Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг “Тусгай зөвшөөрөл цуцлагдсан талбайд хууль бусаар олборлолт явуулж байсан ОЭНДЧ ХХК, “Дабль мөнх ХХК”-ны үйл ажиллагааг зогсоож, эвлэрлийн гэрээ байгуулсан боловч гэрээний заалтыг зөрчиж, үргэлжлүүлэн олборлолт хийж байсан дээрх аж ахуй нэгжүүдэд  Эрүүгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Нийслэлийн цагдаагийн газарт шилжүүлсэн” гэв.


Мөн тэрбээр  “Хууль бусаар олборлолт хийж байсан 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн заалтаар захиргааны арга хэмжээ авч зөрчил арилгуулах хугацаа өгсөн. Түүнчлэн нэг ААН-д Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй нэг ААН-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн заалтаар захиргааны арга хэмжээ авсан.


Уул уурхайн хайгуул, олборлолт хийгээд эзэнгүй орхисон газрыг тоолж, бүртгэж байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүрэгт 20 ААН-ийн 22.1 га, Сонгинохайрхан дүүрэгт 20 ААН-ийн 47.60 га, Хан-Уул дүүрэгт 26 ААН-ийн 206,2 га,  Налайх дүүрэгт 29 ААН-ийн 111.3 га эвдэгдсэн байгааг илрүүлсэн. Нийт 86 ААН, 337 га талбайд нөхөн сэргээлт хийхээр болсон" хэмээв. 


Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга хошууч Б.Мягмарсүрэн “Нөхөн сэргээлт-2020 аяны хүрээнд долдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ныг хүртэл гурван үе шаттайгаар уул уурхайн нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нөхөн сэргээлт хийгдээгүй хайгуул, олборлолтын талбайг тоолж, өмнөх жилийн тооцоотой харьцуулж байна. 

Нөхөн сэргээлт хийгээгүй гэм буруутай этгээдийг тогтоох, тогтоосон тохиолдолд зохих шийтгэлийг оногдуулан ажиллаж байна. Түүнчлэн  хууль бусаар олборлолт хийдэг нинжа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Одоогоор,  уул уурхайн олборлолт хууль бусаар хийсэн зөрчлийн шинжтэй хоёр хэргийг шалгаж байна. Улсын хэмжээнд Экологийн цагдаагийн албанд эрүүгийн шинжтэй 17 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Хэрвээ ноцтой хохирол учруулсан бол гэм буруутай этгээдийг 10 мянгаас 40 мянган нэгж хэмжээгээр торгох, эсхүл 2-8 жилийн хугацаатайгаар хорих ялаар шийтгэнэ” хэмээлээ. 

Холбоотой мэдээ