Л.Месси багаа орхих бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-26 12:07:35

ЛОНДОН. /BBC/. Каталонийн “Барселона” багийн довтлогч Л.Месси багаа орхих хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн өргөдлийг “Burofax” системээр дамжуулан илгээсэн тухай багийнх нь удирдлага мягмар гарагт мэдэгдсэн байна. “Барселона” багтай хийсэн Мессигийн гэрээний хугацаа 2021 оны зун дуусах аж. 


Аваргуудын лигийн 1/4-ийн шигшээ тоглолтод “Барселона” баг Мюнхены “Бавария” багт бут ниргүүлснээс хойш 11 хоногийн дараа Л.Месси ийнхүү мэдэгджээ. 2:8 онооны харьцаатай өндөрлөсөн энэхүү тоглолт нь “Барселона” багийн хувьд түүхэндээ байгаагүй том ялагдал болжээ. “Бавария” Аваргуудын лигт ялалт байгуулсан бол энэ багт ялагдсан “Барселона” багийн хувьд амаргүй байдлаар улирлыг дуусгав.


Каталонийн баг Ла Лиг дэх ялагчийн төлөөх тоглолтод Реал Мадридуудад хожигдсоноор Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж чадаагүй бөгөөд Испанийн Цомын тэмцээний 1/4-ийн шигшээд үлдсэн ч хасагдсан юм. Тийнхүү “Барселона” 2014 оноос хойш анх удаа гар хоосон үлдэв. 


Сүүлийн жилүүдэд энэ багаас Хави, Иньеста зэрэг хуучны олон од гарсан. “Барселона” багийг тун амаргүй шилжилтийн үе дээрээ байна гэж хөлбөмбөгийн зарим тоймч үзэж байгаа бол өөр нэг нь энэ багийн хувьд алтан үе нь дуусаж хямралын үе нь эхэлж байгааг нуулгүй хэлжээ. Үүнээс гадна коронавирусний цар тахал “Барселона”-гийн санхүүгийн асуудалд мэдэгдэхүйц цохилт өгчээ.


Өдгөө 33 настай “Барселона”-гийн довтлогч Л.Месси нь оны шилдэг хөлбөмбөгчний шагнал болох “Алтан бөмбөг”-ийн эзнээр 6 удаа тодорч байсан нэгэн юм. Гэсэн ч багаа орхин явахыг хүсэх болсон Л.Мессигийн оролдлого “Барселона”-тай байгуулсан гэрээний нөхцөлийн асуудлаар эрх зүйн маргаан дагуулж болзошгүй байна. Улирлын эцэст торгууль ногдуулахгүйгээр багийг орхин явахыг зөвшөөрсөн гэрээний зүйл заалтыг Месси мэдэгдэлдээ иш татсан байсныг “Барселона” багийн удирдлага мэдэгджээ. Гэсэн ч энэ зүйл заалтын үйлчлэх хугацаа 6 дугаар сард дуусах бөгөөд энэ асуудлаар хууль зүйн туслалцаа авахаа мэдэгдсэн байна.


Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, “Барселона” багийн захирлуудын зөвлөлийн яаралтай уулзалт ойрын хугацаанд болох аж.


Л.Месси бол “Барселона” академийн сурагч юм. Багийн үндсэн бүрэлдэхүүнд тэрбээр 17 настайгаасаа тоглож байгаа юм. “Барселона” багийн бүрэлдэхүүнд байхдаа тэрбээр Испанийн 8 удаагийн аварга, Испанийн цомын зургаан удаагийн аварга болж, Аваргуудын лигид дөрвөн удаа түрүүлж, Испанийн Супер цомын найман удаагийн, Европын Супер цомын гурван удаагийн аварга болж байжээ. 

Холбоотой мэдээ