Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-05 18:27:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Олон Улсын Парламентын Холбооноос зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх гурав дахь удаагийн цахим хуралд өчигдөр оролцлоо. Уг цахим хурлыг COVID-19 ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд Монголын цагаар 20.00 цагт эхэлсэн.


Өмнөх хоёр удаагийн хурлыг энэ оны 6,7 дугаар сард зохион байгуулж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөл байдлын үед улс орнуудын эдийн засаг, жендэрийн тэгш байдлын талаарх асуудлыг хөндөн хэлэлцсэн юм. 



Энэ удаагийн хурлаар олон улсын эрдэмтэн судлаач болон парламентын гишүүд COVID-19 цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц шийдлийг боловсруулахдаа байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг онцгойлон анхаарч, ногоон хөгжлийн бодлогыг баримтлах асуудлыг хэлэлцэн, санал солилцов.


“COVID-19 ба уур амьсгалын өөрчлөлт” цахим хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын одоогийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын парламент, Засгийн газраас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх оновчтой арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр дотооддоо халдвар тархаагүй цөөн улсын нэг байсаар байна. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх үүднээс шат дараалсан арга хэмжээг авч байна. Тухайлбал, өнгөрөгч оноос Улаанбаатар хотод түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталсны үр дүнд агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан. Энэ онд 80 хувьд хүргэхээр ажиллаж байна.


Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, айл өрхүүдийг орон сууцаар хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлан ажиллаж байна” гэлээ.


Олон Улсын Парламентын Холбооноос уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт нэгдсэн дэлхийн 197 орныг зорилтуудаа хэрэгжүүлэхийг уриалж, COVID-19 цар тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах төрийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тусган ажиллах хэрэгтэйг зөвлөв. Тухайлбал, 2015 оноос хойш хүний үйл ажиллагаанаас шалтгаалан хүлэмжийн хийн ялгарал нэмэгдсэнээр дэлхийн дулаарал 2015 онд хоёр хэмээр нэмэгдсэн бол 2018 онд 1.5 хэм болж буурчээ. Нүүрс хүчлийн хийн ялгарлыг багасгахын тулд улс орон болгон цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, орон сууцны барилгуудын дулаан алдалтыг багасгах, дэлхийн дулаарлын эсрэг хууль тогтоомж батлан хэрэгжүүлж шаардлагатайг хуралд оролцогчид онцлоод парламентууд хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцаж, санал солилцлоо.  

Холбоотой мэдээ