Владивосток хотод худалдааны төлөөлөгчийн газар нээх ажлыг шуурхайлна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-31 12:47:28
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экспортыг дэмжих чиглэлээр дөрвөн ажил өрнүүлж буйг Гадаад харилцааны яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу танилцууллаа.


Тодруулбал, 

  • Хөрш хоёр улстайгаа худалдаа, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх,
  • Гуравдагч хөрш улсуудтай худалдаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх,
  • "Монгол Экспорт" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгах,
  • Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх зэрэг асуудлыг голлон хэрэгжүүлнэ гэдгийг мэдээллийн үеэр танилцууллаа. 

Нэгдүгээрт, Хөрш хоёр улстайгаа худалдаа, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх хүрээнд Бээжин, Москва хотод худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа ОХУ-ын Владивосток хотод худалдааны төлөөлөгчийн газрыг шинээр байгуулах ажлыг тэргүүнд тавьж байгааг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-д гаргаж байгаа экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх асуудлыг нэн тэргүүнд баримталж байгаа аж. Тухайлбал, мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэдгийг мэдээлэлдээ тэмдэглэв. Манай улс 2019 онд БНХАУ-д 54 мянган тонн хөлдөөсөн болон дулааны аргаар боловсруулсан мах экспортолжээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар, COVID-19 цар тахлын хүндрэлээс хамаарч гурван мянган тонн адууны мах, 1000 тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортолжээ. 


ОХУ-тай худалдааны хувьд импорт голлож байгаа тул экспортоо нэмэгдүүлэхийн тулд худалдааны төлөөлөгчийн газрыг бэхжүүлж ажиллах чиглэл баримталж буйг тодотгов. Ингэхдээ, ОХУ, Беларусь, Армен, Казахстан, Киргизстан зэрэг улсыг багтаасан Евразийн эдийн засгийн холбоотой худалдааг хөнгөвчлөх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөжээ. Энэ онд багтаан хэлэлцээрийг байгуулах бөгөөд үр ашгийг тооцох судалгааны баг гаргах эсэхийг  есдүгээр сард Евроазийн эдийн засгийн холбооны хурлаар шийдвэрлэх аж. 


Хоёрдугаарт, Европын холбоотой эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг харилцан тохиролцох эрх зүйн үндсийг тогтоооно. Цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломжоо нэмэхэд анхаарч, үүнд Дипломат төлөөлөгчийн газрууд идэвхийлэн ажиллаж буйг тэмдэглэв. Мөн БНСУ, БНЭУ-тай худалдааны харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил төлөвлөж байгааг дурдлаа. 


Гуравдагч хөршийн худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд манай улс тодорхой үүрэг хүлээнэ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын орчноо аюулгүй, ил тод, хариуцлагатай болгох ёстой. Тодруулбал, хүний эрхийг хамгаалах сайн засаглалыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд чармайх ёстой гэдгийг тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, Европын холбооны зах зээлд гарахын тулд нэгдэн орсон олон улсын 27 конвенцын хэрэгжилтийг сайжруулах шаардлагатайг тэмдэглэсэн. 


Гуравдугаарт, хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй "Монгол Экспорт" хөтөлбөрийн дунд шатны ажилдаа орж үр дүнтэй төгсгөх үүргийг Засгийн газраас чиглэл болгосон хэмээлээ. Экспортыг дэмжих үндэсний зөвлөлийн даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладгийг тодотгов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ дагуу МҮХАҮТ-тай хамтран төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ЕХ-ны дэмжлэгтэйгээр монголын худалдааг дэмжих хүрээнд, МҮХАҮТ аж ахуйн нэгжүүд дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргаж байгааг онцлов. Үүнд гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, арьс ширэн эдлэл, сарлагийн хөөвөр, торомны ноос орж байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжийг илүү сайжруулах, цаашлаад бусад зах зээлд гаргахыг эрмэлзэж байгааг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу тэмдэглэв.  


Дөрөвдүгээрт, Ази, Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрт нэгдэх ажлыг эрчимжүүлж буйг дурдав. Энэ хэлэлцээрийг 2019 онд УИХ-аас соёрхон баталсан бөгөөд 2021 оноос хэрэгжиж эхлэх юм. Уг хэлэлцээрт, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка, Монгол зэрэг 6 улс нэгдэж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа аж. Энэ бүс нутаг нь 2.6 тэрбум хэрэглэгчтэй том зах зээл юм. Хэлэлцээрт нэгдсэнээр, энэхүү зургаан улс нийт 10 мянга 667 нэр төрлийн бүтээгдэхүүнд 5-100 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ гэдгийг мэдээллийн үеэр тодотгов. 

Холбоотой мэдээ