Монгол, Хятадын хилийн боомтын "Ногоон гарц"-ыг хэрэгжүүлэх түр журам

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-16 11:01:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын аюул арилаагүй энэ цаг үед хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар Монгол Улс, БНХАУ-тай зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохирчээ.


Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслийн ажилд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломж нээгдэх юм.


Түр журмын бүрэн эхтэй танилцна уу.


МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТЫН “НОГООН ГАРЦ”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ


Нэгдүгээр зүйл. Зорчигчийн хөдөлгөөний талаар

  • “Ногоон гарц”-аар зорчигч
  • Монгол, Хятад хоёр улсын хилийн авто замын боомтоор тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолооч;
  • Монгол, Хятад хоёр улсын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох инженер техникийн ажилтан, хоёр улсын Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд.


Хэрэгжүүлэх бүс нутаг

  • Монгол, Хятадын хилийн хуурай замын заасан боомтууд.

 

Хүсэлт гаргах

  • Тээврийн машины жолоочийг талуудын холбогдох байгууллагын зөвшөөрлөөр тэдгээрийн нэрсийг хоёр талын орон нутгийн засаг захиргааны байгууллага харилцан солилцсоны үндсэн дээр шуурхай нэвтрүүлнэ. Олон улсын ачаа тээврийн жолооч нарт визийн зөвшөөрөл олгож, хилийн боомтоор нэвтрэхэд нь таатай нөхцлийг бүрдүүлнэ.
  • Тээврийн жолоочоос бусад Монгол Улсын иргэд улсын хилээр зорчихоосоо өмнө өөрийн улсын Гадаад харилцааны яаманд хүсэлт гаргаж, Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан хятадын талын боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ. Хятадын талын тээврийн жолоочоос бусад иргэдийг илгээх байгууллага болон аж ахуйн нэгж тухайн боомт байрлах орон нутгийн Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх удирдлагын төвд бичгээр хүсэлт гаргаж, ажилтнуудын нэрсийг мэдүүлж, улмаар өөрийн улсын Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан Монгол Улсын Онцгой комисст бичгээр хүсэлт хүргүүлж асуудлыг шийдвэрлэнэ. Хоёр талын холбогдох байгууллага зөвшөөрөл олгосны үндсэн дээр заасан боомтоор нэгдсэн зохион байгуулалттайгаар хилээр нэвтрүүлнэ.

 

Хил нэвтрэхээс өмнөх эрүүл мэндийн шинжилгээ

  • Зөвшөөрөл бүхий иргэд хил нэвтрэхээс 72 цагийн дотор талууд харилцан хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн байгууллагад КОВИД-19-ийн нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж, өвчний халдваргүй гэдгээ нотолсон тодорхойлолт авах бөгөөд шинжилгээний бичиг 7 хоног хүчинтэй байна.


Хилээр нэвтрэх үеийн хорио цээр болон тусгаарлалт

  • Тээврийн жолооч хилээр нэвтэрсний дараа тухайн орон нутгийн халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх байгууллагын хяналт тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчиж, бусадтай аль болох бага харьцана. Ачаа бараагаа буулгаж дууссаны дараа буцаж шуурхай хил гарах бөгөөд тогтоосон бүсэд заасан маршрутаар зорчсон тээврийн жолооч нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Замын-Үүд–Эрээн, Баянхошуу–Өвдөг, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ, Бичигт–Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомтын бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах ажлыг тухайн орон нутгийн захиргаа хариуцах бөгөөд биеийн байдал хэвийн байгааг тогтоосны дараа шинжилгээ авахгүй байж болно. Орон нутгийн захиргаа тээврийн жолоочоос тогтмол хугацаанд нуклейн хүчлийн шинжилгээ авч, хүчинтэй хугацааг тодорхой зааж өгнө.
  • Холбогдох зорчигчийг хилээр нэвтрүүлэхдээ хоёр талын холбогдох байгууллага /монголын талаас хилийн мэргэжлийн хяналтын байгууллага, хятадын талаас гаалийн байгууллага/ эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглүүлэх, биеийн халуун хэмжих, нуклейн хүчлийн түргэвчилсэн шинжилгээ хийх болон эмнэлзүйн тандалт, халдварт өвчний судалгаа, эмнэлгийн үзлэг шалгалт зэрэг хилийн хорио цээрийн хяналт шалгалтыг чанд хэрэгжүүлж, хөнгөлөлттэй нөхцлөөр нэвтрүүлнэ. Зорчигч хилээр нэвтэрсний дараа тухайн улсын халдварт өвчинтэй тэмцэх холбогдох хууль журмыг дагаж мөрдөнө.

 

Хоёрдугаар зүйл. Ачаа тээврийн хөдөлгөөний талаар


  • Талууд монголын талын аж ахуйн нэгж, хувь хүн Хятад улсаас хүнсний бүтээгдэхүүн /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ/ өргөн хэрэглээний бараа, барилгын материал /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод, Шивээхүрэн–Сэхээ, Баянхошуу–Өвдөг, Бичигт–Зүүнхатавч, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн/ авах ажиллагааг улам хялбаршуулах, хил дамнасан цахим худалдааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлж, цахимаар захиалга өгөх, боомтын заасан газарт ачаа бараа хүлээлгэж өгөх зэргээр эрсдэлийг бууруулж, хил нэвтрэх хэмжээг нэмэгдүүлнэ.

 


2.2       Монголын талаас экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг тухайн өдрийн 11:00 цагаас өмнө хилээр нэвтрүүлж, гааль, мал эмнэлэг болон бусад шаардлагатай бичиг баримт үнэн зөв, бүрэн гүйцэд, хүчинтэй тохиолдолд хяналт шалгалтыг түргэвчилсэн горимоор хийж, хорио цээрийн шаардлагыг хангасны дараа гаалийн бүрдүүлэлт хийж явуулна.


2.3      Холбогдох боомт /Замын-Үүд–Эрээн, Гашуунсухайт–Ганцмод,   Шивээхүрэн–Сэхэ, Ханги–Мандал, Булган–Такашикэн/-ын тогтоосон бүсэд нүүрс тээвэрлэж буй монголын талын тээврийн хэрэгсэл хятадын хилээр нэвтэрсний дараа бусад хүнтэй харьцахгүйгээр ачаагаа буулгана.


Энэхүү журмыг КОВИД-19 цар тахлын онцгой дэглэмийн үед түр хугацаанд баримтлан ажиллана. Хоёр тал дипломат шугамаар харилцан мэдэгдсэнээр энэхүү журам нь хүчин төгөлдөр болно.  Энэхүү түр журмыг хүчингүй болгох асуудлыг талууд дипломат шугамаар тохиролцоно.

Холбоотой мэдээ