Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ түрүүлж, сумын заан Л.Лхүнрэв үзүүрлэн шинэ цолтнууд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-07-13 10:24:20

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн баяр наадмын бөх, сур, хурдан морины уралдааны мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе.

Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулагдсаны 89, Сайншанд сум байгуулагдсаны 59 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 128 бөх барилдлаа.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн заан Б.Бат-Эрдэнэ түрүүлж аймгийн арслан болсон бол Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Сайншанд сумын суугуул сумын заан Л.Лхүнрэв үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангав.

Дорноговь аймгийн Айраг сумын харьяат сумын заан О.Хишигдэлгэр, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат сумын заан И.Баатарчулуун нар тус тус аймгийн начин боллоо.

Зөвхөн Дорноговь аймгийн харьяалалтай бөх барилдсан наадамд шинээр аймгийн начин цолтон, аймгийн заан цолтон, арслан цолтон ийн төрсөн юм.

Ахмадын харваанд Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Гомбо ахлагчтай Сайншанд төмөр замын баг тэргүүлэв

 

Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулагдсаны 89, Сайншанд сум байгуулагдсаны 59 жилийн баяр наадмын  шагай харваанд нийт 14 багийн 200 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

Ахмадын харваанд, тэргүүн байрт Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Гомбо ахлагчтай Сайншанд төмөр замын баг, дэд байрт Монгол Улсын хошой мэргэн Б.Лхагвасүрэн ахлагчтай Сайншанд сумын баг, гутгаар байрт ахмад харваач Н.Улаанхүү ахлагчтай Сайншанд сумын баг тэргүүлэв.

Багийн харвааны тэргүүн байрт аймгийн гоц мэргэн Л.Алтангэрэл ахлагчтай Сайншанд сумын ЗДТГ, дэд байрт залуу харваач М.Мөнхтуяа ахлагчтай Алтанширээ сумын баг, гутгаар байрт Монгол Улсын дархан мэргэн О.Азбаяр ахлагчтай Сайншанд сумын баг, дөрөвдүгээр байрт Монгол Улсын гарамгай мэргэн Д.Түвшиндэлгэр ахлагчтай баг шалгарав.


Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Ч.Чинзориг 34 оноогоор түрүүлэв


Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулагдсаны 89, Сайншанд сум байгуулагдсаны 59 жилийн баяр наадмын  сурын харваанд нийт  30 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

Эрэгтэй төрлийн  тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Хар хорин сумын уугуул, Дорноговь аймгийн үндэсний сурын харваачдын холбооны харваач Ч.Чинзориг 34 оноогоор түрүүлэв.

Удаах байрт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн үндэсний сурын харваачдын холбооны харваач спортын дэд мастер Б. Баярчулуун 33 оноогоор гутгаар байрт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Дорноговь аймгийн үндэсний сурын харваачдын холбооны харваач аймгийн мэргэн, спортын мастер Н.Бямбацогт 32 оноогоор тус тус шалгарлаа.

Харин дөрөвдүгээр байрт Дорноговь Сайншанд сумын харьяат Дорноговь аймгийн үндэсний сурын харваачдын холбоо, ерөнхий боловсролын  тавдугаар сургуулийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер А.Энхтайван 26 оноогоор, тавдугаар байрт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат Дорноговь аймгийн үндэсний сурын харваачдын холбооны харваач спортын дэд мастер Б.Жаргалсайхан 26 оноогоор тус тус шалгарав.


Эмэгтэй төрөлд аймгийн гоц мэргэн Т.Нарантуяа 29 оноогоор тэргүүлэв


Эмэгтэй төрөлд тэргүүн байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Дорноговь аймгийн үндэсний сурын харваачдын холбооны харваач аймгийн гоц мэргэн Т.Нарантуяа 29 оноогоор тэргүүлэв.

Удаах байрт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул “Даншиг транс” ХХК-ийн харваач спортын дэд мастер Б.Мөнгөнчимэг 28 оноогоор, гутгаар байрт Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, УБТЗ-ын хүүхдийн секторын харьяа “Хараацай” цэцэрлэгийн харваач спортын мастер Т.Дуламсүрэн 26 оноогоор шалгарав.

Дөрөвдүгээр байрт Дорноговь аймгийнм Сайншанд сумын харьяат ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн харваач спортын мастер А.Сэржмаа 25 оноогоор, тавдугаар байрт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат Дорноговь аймгийн үндэсний сурын харваачдын холбооны харваач, Монгол Улсын гоц мэргэн спортын мастер Б.Уранцэцэг 23 оноогоор тус тус шалгарав.


Их насны морьдын уралдаанд  Б.Ганболдын бор түрүүллээ


Ардын хувьсгалын 99, Дорноговь аймаг байгуулагдсаны 89, Сайншанд сум байгуулагдсаны 59 жилийн баяр наадмын их насны морьдын уралдаанд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уяач Б.Ганболдын бор түрүүллээ.

Аман хүзүүнд  Сайншанд сумын уяач О.Саруулбаярын хонгор, айргийн гуравт Замын-Үүд сумын уяач С.Ганбаатарын зээрд, айргийн дөрөвт Иххэт сумын уяач Б.Баатарбаясгалангийн хонгор халзан, айргийн тавд Замын-Үүд сумын уяач Л.Амарсанаагийн зээрд тус тус хурдаллаа. Энэ жилийн Дорноговь аймгийн баяр наадамд зөвхөн Дорноговийн гаралтай уяач нарын морьд уралдсан юм.


Хурдан хязаалангийн уралдааныг  Н.Отгон-Эрдэнийн хээр өнгөлөв



Хязаалан насны морьдын уралдаанд  Замын-Үүд сумын уяач Н.Отгон-Эрдэнийн хээр түрүүлж, Өргөн сумын уяач Ч.Түвшинтөрийн зээрд аман хүзүүдлээ. Айргийн гуравт Сайншанд сумын уяач О.Саруулбаярын хар халзан, айргийн дөрөвт Дэлгэрэх сумын уяач Н.Ууганбаярын хонгор, айргийн тавд Замын-Үүд сумын уяач С.Ганбаатарын саарал тус тус хурдлав.


 Шүдлэн насны морьдын уралдаанд Ц.Ганбатын бор түрүүлэв


Шүдлэн насны морьдын уралдаанд Сайншанд сумын аймгийн алдарт уяач Ц.Ганбатын бор түрүүлж, Сайншанд сумын аймгийн алдарт уяач О.Саруулбаярын хар аман хүзүүдлээ. Айргийн гуравт Улаанбадрах сумын уяач Д.Баярсайханы хээр, айргийн дөрөвт Даланжаргалан сумын уяач Э.Отгондаваагийн зээрд, айргийн тавд Хатанбулаг сумын уяач М.Жаргалсайханы халзан тус тус хурдлав.

Холбоотой мэдээ