Москва хотын дарга гудамжинд амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-10 11:40:36

МОСКВА. /TASS/. ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин коронавирусний халдвар тархсаны улмаас тогтоосон зарим хязгаарлалтыг цуцалж байгааг мэдэгджээ. Хязгаарлалтуудыг долдугаар сарын 13-наас наймдугаар сарын 1-ний хооронд хоёр үе шаттайгаар цуцлахаар болсон байна.


Долдугаар сарын 13-ны өдрөөс

  • Гудамжинд амны хаалт заавал зүүх шаардлагагүй, гэхдээ зүүхийг зөвлөнө. Үүний зэрэгцээ тээврийн хэрэгсэл, дэлгүүр болон олон нийтийн бусад газарт амны хаалт зүүж, бээлий өмсөх журам урьдын адил хэрэгжинэ. Түүнчлэн хоорондоо зай барих шаардлага хэвээр байна.   
  • Бизнес, үйлчилгээний салбар болон үйл ажиллагааны бусад төрөлд тавьсан бүх хязгаарлалтыг цуцална. Зөвхөн ариун цэврийн шаардлагыг хэвээр хэрэгжүүлнэ.
  • Компани, байгууллагууд ажилтнуудаа алсын зайнаас эсвэл ажлын байранд нь ажиллуулахыг бие даан шийдэх боломжтой болно.
  • Боловсролын бүх байгууллага, хүүхдийн зуслан, хүүхдүүдэд зориулсан зугаа цэнгэлийн төвүүд ердийнхөөрөө үйл ажиллагаагаа явуулж болно.
  • Цирк, соёл, амралтын хүрээлэн, соёлын төвүүд зэрэг байгууллагуудын үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг цуцалж байгаа боловч, багтаамжийг 50 хувиар дүүргэх ёстой.


Наймдугаар сарын 1-нээс

  • Гурван мянгаас ихгүй хүний ​​багтаамжтай театр, кино театр, концертын танхимууд нээгдэх боломжтой. Гэхдээ үзэгчдийн тоо 50 хувиас хэтрэхгүй байх ёстой.
  • Спортын тэмцээнүүдийн үзэгчдийн тоог 10 хувиас  50 хувь болгоно.
  • "Московское долголетие" хөтөлбөрийн дугуйлан, секцүүд ил талбайд хичээлээ явуулахыг зөвшөөрнө.

Харин хүмүүс хоорондоо зай барих боломжгүй учир ил задгай талбайд олон нийтийн үзвэр үйлчилгээ, соёл-амралтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэвээр байна.  

Собянины хэлснээр, эдгээр хязгаарлалтыг цуцлах хугацааг Москва хотын эрх баригчид коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байгаад итгэлтэй болсны дараа мэдэгдэх аж.


 


Холбоотой мэдээ