Одон орон судлаачид огт өөр масстай хос нейтрон од нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-07-09 13:17:03

МОСКВА. /TASS/. Одон орон судлаачид Тэнгэрийн дохиур ордноос маш өөр өөр масстай хос нейтрон од илрүүлжээ. Тэдгээрийг Орчлонт ертөнцийн тэлэлтийн хурдыг хэмжихэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнгийн талаарх нийтлэлийг шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд нийтэлжээ.


“Ихэнх онолууд хос нейтрон одод ижил масстай байдаг гэдэг таамаглалыг үндэс болгодог. Харин бидний нээлт үүнд эргэлзээ төрүүлж байна” гэж Зүүн Английн их сургуулийн астрофизикч Роберт Фердман ярьсан байна.


Оддын цөм дэх ус төрөгч шавхагдаж дуусахад тухайн одны масс хэт ихсэн цөм, цөмийн гадаад хэсэг нь хүнд элементүүдээс тогтох аварга улаан оддыг үүсгэнэ. Улмаар хүнд элементүүдийг харьцангуй их хэмжээгээр агуулсан шинэ од болон гаргийн мананцарт хувирна. Тэндээс нейтрон од, хар нүх, цагаан, улаан одой одод үүсдэг байна.


Их масс, жижиг хэмжээтэй байдгийнхаа улмаас таталцлын хүчний үүднээс нейтрон одод нь ойрхон байрлах хөршүүдтэйгээ маш хүчтэй харьцана. Бие биенээ тойрон эргэх явцдаа хоёр биет хоёулаа энергиэ алдаж, таталцлын долгион ялгаруулан аажмаар ойртдог байна. Энэ нь таталцлын хүчний мөн чанарыг судалж буй астрофизикчдэд маш их сонирхолтой байдаг аж.


Фердман болон түүний хамтран зүтгэгчдийн хэлж байгаагаар, эрдэмтэд анх ийм үйл явцыг 2017 оны наймдугаар сард буюу таталцлын долгион илрүүлэх “LIGO”, “VIRGO” ажиглалтын төвд түүхэнд анх удаа "NGC 4993" галактикийн хоёр нейтрон од нэгдсэнээс үүссэн таталцлын долгионыг бүртгэх үед ажиглажээ. Энэ үйл явцыг одны дэлбэрэлт дагалдсан бөгөөд үүнийг дэлхийн бүх одон орон судлаачдын гуравны нэг нь ажигласан байна.


Эрдэмтэд энэхүү үйл явцыг "GW170817" гэж нэрлэсэн бөгөөд нейтрон оддын мөргөлдөөн нь таамаглаж байсан онолын загварчлалын дагуу явагдаагүй болохыг мэдэгджээ. Тухайлбал, одод нийлэх үед асар олон тооны матери ялгарсан боловч бараг бүх төрлийн цахилгаан соронзон долгионтой харьцуулахад харьцангуй сул долгион ялгарсан байна.


Эрдэмтдийн хэлснээр, энэ зөрүүг нейтрон оддын нэгийнх нь масс нөгөөхөөсөө 20 орчим хувиар бага байсантай холбон тайлбарлаж болох аж. Масс нь ийм зөрүүтэй байсны улмаас хоёр дахь нейтрон одтой нэгдэхийн өмнөхөн эхнийх нь сүйрчээ. Гэвч онолоор бол ийм зүйл байх боломжгүй бөгөөд энэ нь “GW170817”-ийн мөн чанарын талаар маш олон онолын маргаан үүсгэжээ.


“PSR J1913 + 1102” пульсар буюу лугшуур одыг ажиглах явцдаа Фердман болон түүний хамтран зүтгэгчид хос нейтрон оддын массын хэмжээ үнэхээр өөр өөр байж болох анхны нотолгоог олж авчээ. “PSR J1913 + 1102” пульсар од нь манай гаргаас 23 мянган гэрлийн жилийн зайтай орших Тэнгэрийн дохиур ордонд байрладаг бөгөөд нийт масс нь нарнаас ойролцоогоор 2.88 дахин хүнд хос нейтрон одтой байна.


Нейтрон одод бүрийн дохио хэр зэрэг “хоцорч” эсвэл "түрүүлж" байгааг хэмжих замаар эрдэмтэд тэдгээрийн массыг маш зөв тооцоолж чаджээ.


Эдгээр хэмжилтүүд нь “PSR J1913+1102”-ийн системд нарнаас ойролцоогоор 1.62 болон 1.27 дахин хүнд масстай хоёр нейтрон од байгааг харуулжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, арай том хэмжээтэй пульсар од эхлээд үүсэж, дараа нь жижиг нейтрон одыг үүсгэгчийн материйг булааж эхэлснээр хоёр дахь одыг мөхөхөд хүргэсэн байна.


Одоо эдгээр од хоорондоо харьцангуй хол буюу 1.25 сая орчим км зайтай байгаа бөгөөд харьцангуй сул таталцлын долгион ялгаруулж байгаа учир зөвхөн  LIGO эсвэл бусад таталцлын долгион илрүүлэгчээр ажиглах боломжтой байна. Эрдэмтэд эдгээр одыг 470 сая жилийн дараа мөргөлдөнө гэж таамаглаж байгаа аж.


Холбоотой мэдээ