Чулуут, Суман, Орхон зэрэг голын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-07 14:43:18

Архангай /МОНЦАМЭ/. Монгол орны хэмжээнд хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг боловч энэ жилийн хувьд агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу байхтай уялдаад ихэнх гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага болон түүний орчим байх төлөвтэй байна. Хангайн нурууны арын Чулуут, Суман, Орхон зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-60 см бага байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч 7 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эх болон 2 дугаар арав хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын болон аадар бороо орох төлөвтэй байна. Гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Мөн түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ