Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-07-02 11:50:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг томиллоо.


МАН өчигдөр буюу энэ сарын 1-нд долоодугаар бага хуралдаанаа хийж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, улмаар уг асуудлыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч уг асуудлыг зөвшилцөж, УИХ-д танилцуулж байгааг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав.


Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын эдийн засгийн өмнө тулгамдсан асуудал, ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарахад ямар бодлого хэрэгжүүлэх талаар нэр дэвшигчээс тодрууллаа.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, “Монгол Улсын эдийн засаг хүндхэн байгаа ч УИХ, Засгийн бүхий л боломж нөхцлөө дайчлан ажиллаж байгаа. Би их зүйл амлаж чадахгүй. Төсвийн тодотгол хийнэ. “Саарал жагсаалт”-аас гарна. Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон дипломат төлөөлөгчдийг эгүүлэн татсан. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээж байгаа” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2020-2024 онд Монгол Улсын Засгийн ямар 3 асуудалд төвлөрч ажиллахыг тодрууллаа.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, “Үндсэн 7 асуудал байна. Улс орноо хүнсээр хангаж, иргэдээ орон сууцжуулах асуудал бий. Мөн дотооддоо эрчим хүчээр хангах, газрын тосоор хангах, дэд бүтцээр хангах, мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах, банк санхүүгийн реформ хийх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд анхаарна” гэв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хувь дэмжиж, 2017 оноос хойш Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж буй У.Хүрэлсүхийг дахин томиллоо.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ, ард түмэнд хандаж үг хэлэхдээ ирэх жил төвлөрч ажиллах 4 чиглэлээ танилцууллаа. Тэрбээр, Нэгдүгээрт, Импортлогч улсаас экспортлогч улс болцгооё!. Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм.  Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүд байгуулахын зэрэгцээ, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна. Монголчууд бидний олон арван жилийн хүсэл мөрөөдөл байсан газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар, долларын урсгалыг дотооддоо шингээж, Дэлхийн зах зээл дээрх нефьтийн үнэ ханшны савалгаанд автахгүй байх, улсынхаа шатахууны хэрэгцээгээ хангаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ улс орныхоо эрчим хүчний хэрэгцээг дотооддоо хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ ажлын хүрээнд Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээг авна. Мөн ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой барих ажил эхэллээ. Бүс нутгийн энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажил нь манай улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл байхын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштөйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны бас нэгэн шинэ хуудасыг нээж байна. Үндэсний аж үйлдвэрийн сэргэлтийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлэх болно.  Худалдаа хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгоход чиглэсэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжин төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах болно. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд олон мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдэл, ядуурал зохих түвшинд багасах болно.


Хоёрдугаарт, нийгэмд шударга ёсыг тогтоож, Цахим Монгол болцгооё. Миний бие сонгуулийн үеэр Эх орныхоо 20 аймаг, нийслэл хотын 9 дүүрэгт ажиллаж, 100 гаруй мянган иргэдтэй уулзахад хамгийн ихээр хүсэмжилж буй зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох асуудал байлаа. Улаанбаатарын утаа манан сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэллээ. Нам дамжсан улс төр бизнесийн олигархи бүлэглэлүүдтэй бид тэмцэж байна. Энэ бол ард түмний захиалга. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдал. Энэ бол шударга ёсны төлөөх тэмцэл юм. Шударга сайхан нийгэмд амьдрахыг ард түмэн маань хүсэж байна. Тэд ард түмнээ алагчилдаггүй, баян хоосноор нь ялгаварладаггүй төр засагтай, хууль дүрэмтэй байхыг хүсэж байна.  Тэд баялагтай, эх орондоо эзэн байхыг хүсэж байна. Тэд ирээдүй, үр хүүхэддээ сайхан Монгол орон үлдээхийг хүсэж байна.  Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг юм. Миний бие анх Ерөнхий сайд  болохдоо “Би намаа цэвэрлэнэ, төрөө цэвэрлэнэ” гэж хэлж байсан. Энэ амлалт ажил хэрэг болж байгааг ард түмэн маань харж байгаа. Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр засаг байгаа, ард түмэн байгаа гэдгийг цаашид ч мэдрүүлэх болно. онгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй. Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журмыг тогтооход онцгойлон анхаарч ажиллах болно. Нэн ялангуяа ард иргэдийг ихээхэн бухимдуулж байгаа дунд, доод шатны хүнд сурталтан, авилга албан тушаалын гэмт этгээдүүдтэй төрийн хуулийн хүрээнд хатуу тэмцэнэ.Харин хуулиа дээдэлж, ёс зүйг эрхэмлэн шударгаар ажиллаж буй төрийн албан хаагчдаа Монголын төр бүх талаар дэмжиж, хамгаалан ажиллах болно гэдгээ хэлье.  Цаашид бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой. Улс орны хөгжлийн гол асуудлын нэг бол мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийг түргэтгэх явдал юм. Энэ салбарт Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах болно. Энэ ажлын хүрээнд  иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажлыг Засгийн газрын эхний 100 хоногт багтаан эхлүүлнэ.

Гуравдугаард, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргаа тэлье. Бид уул уурхай, байшин барилга, хөрөнгө мөнгө ярьсаар байгаад хүний хөгжлийн асуудал, ард түмнээ соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулсан тал бий.  Тийм учраас манай засгийн газрын бодлогын гол цөм нь монгол хүн, монгол гэр бүлийн хөгжил байх болно. Залуу гэр бүлүүд банкны өндөр зээлийн хүүд дарлуулж, орон сууцтай болохын төлөө залуу насаа бүхэлд нь зориулж байна. Эдийн засаг өссөн ч амьдралын чанар сайжрахгүй ирсэн гол шалтгаан ч үүнтэй холбоотой. Цаашид бид орлогод нийцсэн орон сууцны хорооллууд, түрээсийн байруудыг бүсчлэн байгуулах ажлыг эхлүүлнэ. Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд шилжиж, орон сууцны дэмжлэг, эрүүл мэндийн даатгал, боловсролын тэтгэлэг болон тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэг сангаас шийдвэрлэнэ. Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоо илүү оновчтойгоор хэрэгжүүлж, нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгоно. Мөн 200 сургууль, 273 цэцэрлэг шинээр барьж, чанартай боловсролыг үр хүүхдэдээ олгож, эцэг эхчүүдийнх нь хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлнэ.  Иргэдээ жил бүр эрүүл мэндийн оношилгоонд хамрагдах үндэсний оношилгооны тогтолцоог нэвтрүүлнэ. Эрүүл мэнд, боловсролын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэх ёстой. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг энэ хоёр салбарт түлхүү чиглүүлэх болно. Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх шат дараатай арга хэмжээ авна. Зээлийн хүү буурч, хүртээмж нэмэгдэх нь ард иргэдээ зээлийн дарамтаас ангижруулж, хийе бүтээе гэсэн иргэдээ дэмжиж байгаа төрийн дэмжлэг юм. “Иргэд нь ажилтай, орлоготой, орон сууцтай болж, амьдралын чанар дээшилснээр нийгэм тогтвортой байна” гэж би боддог. Улс төр, нийгмийн тогтвортой байдал нь улс орон хөгжихийн үндэс юм. Үндэсний их өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, ёс заншил зэрэг үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн хамгаалах, сурталчлан таниулах, өсвөр үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн хөгжих, төрөөс соёл урлагийн талаар баримтлах бодлого, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын яамыг бие даалган байгуулна. Энэ бодлогынхоо хүрээнд Их эзэн Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Төв номын сан зэрэг түүх, соёлын салбарт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа бүрэн дуусгана. Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, Эрүүл мэндээ хамгаалах, бие бялдараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн биеийн тамир спортын ордон, клуб, фитнесүүдийг барьж байгуулах ажлыг төр хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх болно.


Дөрөвдүгээрт, хот, хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангацгаая. 1990 оноос хойш төв рүү чиглэсэн их нүүдэл эхэлж, Улаанбаатар хотын хүн ам гурав дахин нэмэгдсэн. Үүнээс үүдэн гэр хороолол тэлж, агаар орчин, хөрсний бохирдол нэмэгдэж, замын түгжрэл ихэссэн зэрэг олон хүндрэл бэрхшээл, зовлонтой бид нүүр тулж байна. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан, цаашид 80 хувь хүртэл бууруулах болно. Мөн аймгийн төв, томоохон суурин газруудын агаарын бохирдлыг үе шаттайгаар бууруулахаар төлөвлөж байна. Хариуцлагагүй уул уурхайг эмхэлж цэгцлэх ажил эхэлж, байгаль эхийн нуруу амарч өнгө төрх нь сэргэж байгаа. Энэ ажлыг цаашид улам эрчимжүүлж, байгаль дэлхийгээ хамгаалах, нөхөн сэргээх, хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлэх болно. Малчин түмэн, таван хошуу мал бол монгол ахуй, монголын оршихуйн үндэс юм. Тиймээс малчдын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах болно. Орон нутгийн дэд бүтцийг сайжруулж, малын түүхий эд боловсруулах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулна. Бэлчээрийн менежментийг сайжруулж, усжуулалтын асуудлыг шийднэ. Төвлөрлийг сааруулах тогтолцоог бий болгож, нийслэлийн дагуул хот байгуулж, хөдөөгийн хөгжлийг дэмжсэн санхүү, татварын бодлого хэрэгжүүлэх ажлаа гүнзгийрүүлэх болно. Нүүдэлчдийн болон суурин соёл иргэншил зэрэгцэн оршиж буй өнөөгийн цаг үед хот, хөдөөгийн хөгжлийн зохист харьцааг хангах нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх болно гэж үзэж байна.


Бид ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах учиртай. Манай Засгийн газар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ ёс зүйтэй, сахилга баттай, хариуцлагатай, ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй ажиллах болно. “Төрийн минь сүлд өршөө” гэж сүсэглэн залбирдаг ард түмний үр сад бид Монгол төрийн босгыг өндөр байлгах ёстой. Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүн сайд нартаа өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг хатуу шаардаж бас хариуцлага тооцон ажиллах болно гэдгээ хэлэхийг хүсэж байна. Эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Ард түмэн  шударга ёсны төлөө тэмцэж, хүн ардын итгэл найдвар сэргэж байна. Сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө та бид алхам алхамаар урагшилж байна. Ирэх дөрвөн жил бол Монголчууд бидний хувьд хийж эхэлсэн ажлаа дуусгасан, амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдалаа зассан, эдийн засагаа өсгөсөн, ажилгүйдэл ядуурлыг бууруулсан, ажлын байрыг нэмсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн он жилүүд байх болно. Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад бидэнд цаг хугацаа олгосон ард түмэндээ гүн талархал илэрхийлье” хэмээв.

Ташрамд дурдахад, Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай УИХ-д өргөн мэдүүлэх ёстой юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болохоор заасан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн намтар:

Төгссөн сургууль, мэргэжил:

1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,

1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,

2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал

1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч

2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн

2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.

2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд

2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2016-2017 Монгол Улсын Шадар сайд

2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд

2020 оноос Улсын Их Хурлын гишүүн

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ