П.Нарантуяа: Нийгмийн хөгжил бол дан ганц бүтээн байгуулалт бус хувь хүний ухамсар, хичээл зүтгэлээр хэмжигдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-07-03 16:49:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Газар нутаг,  уул усаа цэвэр тунгалаг, ургамал амьтан, эд баялагтай нь хойч үедээ өвлүүлэн үлдээхээр тууштай зүтгэж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл бол П.Нарантуяа юм. Түүний манлайлсан, зохион байгуулсан, үзэл бодол нэгтэй нөхөдтэйгээ хамтран хичээн зүтгэсний дүнд Гутайн даваа орчмын лиценз цуцлагдаж, Ноён уулыг Дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан гээд амжилттай сайхан үйл олон.

Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Пунцагдашийн Нарантуяа эрдэм мэдлэгийн уурхайг түмэнд түгээх ардын багш мэргэжилтэй хүн. Түүнийг хорвоотой танилцуулж, хүмүүн заяаг бэлэглэсэн ижий ч мөн ардын багш.

Байгаадаа сэтгэл ханаж, байгаагаа зөв хэрэглэж, өөрийнхөө чадлаар өөрийнхөө амьдралыг бүтээх ухаарлыг аав, ээж нь  П.Нарантуяад өгсөн. Тиймдээ ч аав ээж нь түүнд Бидний байгаа дээр амьдрал үз, алдаа хийвэл ааваа ээжээ гэж бүү гүйж ир, хариуцлагаа өөрөө үүрч, өөрөө гарах гарцаа ол гэж сургадаг байжээ.

Өөрийн амьдралыг бүтээхийн тулд тэрбээр харийн улсыг зорин хөлсөө дуслуулж, эх орноо  дэлхийд таниулахын тулд аялал жуулчлалын менежер, хөтөч, орчуулагч, захирал хийж явсан. Мөн газар нутаг, байгаль дэлхийгээ хамгаалахын тулд “Ноён уулаа аваръя хөдөлгөөн НҮТББ-ын Хэнтий салбарын тэргүүн, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын төв зөвлөлийн гишүүн, Өв дээдэлсэн цацал эмэгтэйчүүдийн холбооны ТУЗ-ийн дарга гээд олон ажилд өөрийгөө сорьж яваа идэвх зүтгэлтэй, эрч хүчтэй, дайчин бүсгүй юм.

Тиймээс ч тэр улс төрд оролцоотой хүн гэж өөрийгөө тодорхойлдог. Улс төрийг залуус шүүмжлээд, муухай бохир байгааг мэдэж байгаа ч оролцохгүй байгаа нь түүний хувьд том асуудал юм. Төрийг бус намыг дээдэлж, түмний төлөөлөл, дуу хоолой болж явах хүмүүс хувийн компаниа төлөөлөн, хэтэвчээ зузаалж, газрын баялагтаа шунаж, сүйтгэх амьдралыг сонгон гадаадын байгууллагуудад худалдаж байгаад П.Нарантуяа тун дургүй.

Тэрбээр хэлэхдээ:

"Эх орон бол иргэн та өөрөө юм. Иргэнгүй эх орон гэж үгүй. Эх оронгүй иргэн ч гэж үгүй. Та ямар байна та тийм л эх оронтой байна гэсэн үг.

Эх орон бол таны үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх дээдийн дээд  өв юм. Эндээс салаалаад өв соёл, үүх түүх, уламжлал, боловсрол, эх хэл, баялаг гээд үй олон эрдэнэс эх оронд минь байна шүү дээ. Эх оронтой бид маш баян бас азтай.  Бид ядуу ард түмэн биш.

Бид маш оюунлаг ард түмэн. Тиймээс бид ядуу монгол гэдэг сэтгэлгээнээсээ маш хурдан салах нь эн түрүүнд иргэний боловсрол юм шүү. Монгол Улсыг иргэний боловсрол ба гэрийн хүмүүжил л аварна. Биеийн хүчээр нэгийг, ухааны хүчээр мянгыг ялдаг гэдэг үг байдаг даа. Иймээс иргэн бүр улс төрд оролцоотой, мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой.

Байгалийн баялаг олборлож байгаа нутаг бүрт дэлхийн хэмжээний эко хотууд сүндэрлэх ёстой. Эс бөгөөс баялагт бүү гар дүр!!!

Баялгийн тэгш хуваарилалт хамгийн чухал. Энэ сайхан оронд иргэн бүр  сэтгэл хангалуун амьдрах ёстой." гэсэн юм

Хүмүүн заяатны нандин чанар юу вэ? Үр хойчдоо аюулгүй, хүмүүнлэг, ардчилсан иргэний нийгмийг үлдээхэд бидэнд юу саад болж байна вэ? Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг үнэн зөвөөр нь ярьж, шударга, ёс зүйтэй засаглалыг бүрдүүлэхэд хэн оролцох ёстой вэ? Энэ талаарх П.Нарантуяагийн үзэл бодлыг сонсоход, "Миний гоёл би үнэнээрээ амьдарч, хичээж, зүтгэж буй амьдрал минь. Үнэнээрээ амьдарч байгаа учраас хэний ч өмнө, юунаас ч айдаггүй.  Бусадтай адилхан түмний нэг байхыг хүсдэг. Гэхдээ миний ганц баримталдаг зарчим бол гар хоосон хөл нүцгэн байсан ч хамаагүй үзэл бодол, мөн чанараасаа урвахгүйгээр үнэнийг үргэлж өндөрт өргөж явах юм. Хүн гэдэг амьтан сайн нийгмийг бүтээхийн тулд өөрөө өдөр бүр 1 хувь суралцаж өөрийгөө бүтээж, хурцалж, бусдадаа сайнаар нөлөөлж, чадах мэдэхээ зааж, тусалж дэмжиж явах учиртай. Харин өнөөгийн нийгэмд боловсролыг доройтуулж, эд материалыг илүүд үзэн, нэг нэгнээсээ давах гэсэн, нэг нэгэндээ хөрөнгөлөг харагдах гэсэн шунал хүслийн халуун дайн газар авч, гаарч байгаад сэтгэл маш их эмзэглэдэг. Нийгмийн хөгжил бол дан ганц бүтээн байгуулалт бус хувь хүний ухамсар,  хичээл зүтгэлээр хэмжигдэнэ. Шударга, ардчилсан нийгмийг бүтээхэд иргэн бүрийн оролцоо чухал. Мөн өтөл залуу гэлгүй бүхнийг энэрэн хайрлаж, түшиж дэмжин, хатууг зөөллөж, хагарлыг эвлүүлэн, асуудлыг эе эвээр шийдэж чаддаг ижий ухаан төрд хэрэгтэй байна" гэсэн билээ.


 

Холбоотой мэдээ