Малчид ноолуурын мөнгөө хүлээсээр...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-06-22 13:27:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 04 дүгээр сард ноолуураа Засгийн газартаа тушаасан малчид өнөөг хүртэл ноолуурын мөнгөө хүлээсээр. Зөвхөн Баяндэлгэр сумаас гэхэд л 70 орчим тонн ноолуурыг нь хоёр компани худалдан авчээ.

Жилдээ ганц удаа авдаг мөнгөөрөө малчид бараг бүтэн жилийнхээ ажил амьдралыг зохицуулдаг гэхэд хилсдэхгүй. Хуучин жишгээрээ ченж нарт тушаачихаад банкны зээл бусад өр төлбөрөө төлж барагдуулчихаад санаа амар сууж байх малчид өнөөдөр банкны зээлийн хүү, дэлгүүр хоршооны өрөнд дарагдан аргаа барж сууна.

Үнэхээр байдал хүнд байгаа учир тэвчээр нь алдарсан Баяндэлгэр малчид өөрсдийн бодит нөхцөл байдлаа ийнхүү ярьж байна.

Баян багийн малчин Х.Сумъяа  

Бидний ноолуурыг зүгээр ч аваагүй малчдыг дээрэнгүйлж хэдэн зуун грамм, килограммаар нь хассан. Энэ хүмүүсийг бид одоо яах ёстой вэ, эсвэл бид  ингээд хохироод үлдэх үү. Бид бүхний болохгүй байгаа  зүлйиг л яримаар байна. амжилттай сайн сайхан яваагаа, хийж бүтээснээ ярьж ханалаа. Тэртээ тэргүй хэн ч байсан төрийн хүмүүс хийх ёстой юмаа л хийсэн. Нэг их онцлоод байх зүйл үгүй. Тиймээс цаашид иргэдийнхээ төлөө, малчин бидний төлөө яримаар байна. мөрийн хөтөлбөр биш мөнгө бидэнд хэрэгтэй байна. Зүв зүгээр өгөөд болж байсан хүмүүсийн ноолуурыг авч явчихаад өдий төдий хоног өнгөрлөө. Амьдрал ахуй хэцүүдлээ. Бид яах ёстой вэ. Ноолуурынхаа мөнгийг даруйхан авмаар байна.

Дэлгэр багийн малчин Ц.Ванчинсүрэн

Малын арьс шир үнэгүй болж хог дээр хаягдлаа. Одоо бүр ноолуурыг нь аваад алга боллоо. Ноолуурын асуудал дээр Ч.Улаан сайд илүү юм дугаараагүй бол байдал ийм хүнд дээрээ ирэхгүй байлаа. Үнэхээр хэцүү боллоо шүү малчид бид чинь. Банк, сумын төвийнхөө хэдэн дэлгүүрт бүх малчид өртэй. Одоо энэ хэдэн дэлгүүрийнхэн маань ч бидэнтэй бүр эвлэрлээ. Та нар минь мөн ч хэцүү байнаа даа, ноолуурынх нь мөнгө сураггүй л байна уу гэдэг. Эд ч бас ардаа амьдралтай улс. Одоо энэ асуудлыг яавал дээр вэ, бидэнд туслаач. Намын мөрийн хөтөлбөрийг сонсохоос өмнө мөнгөнийхөө сургийг л гаргамаар байна.

Ширээт багийн иргэн Д.Анхбаяр

Ямар компани бид нарын ноолуурыг аваад явчихав аа. Ямар хариуцлагагүй хүмүүст бид ноолуураа өгчихөв өө. Ингэхдээ ноолуураас яагаад тэгж их хасах болов. Энэ талаар тодорхой хариулт авмаар байна. Ямар нэг хасалт хийлгэхгүй анх өөрсдийн хэмжсэн жингээрээ, мөн гэрээ байгуулсан үнээрээ мөнгөө авмаар байна гэв.

 

Холбоотой мэдээ