Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-04 12:36:23

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын агаарын тээврийн компаниудын АНУ руу хийх зорчигч тээврийн үйлчилгээг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн бүрэн зогсоох болсон талаар АНУ-ын Засгийн газраас өчигдөр мэдээлэв.

Үүний дараа буюу өнөөдөр Хятадын Иргэний нисэхийн газраас мэдэгдэл гаргаж, олон улсын зорчигч тээврийн нислэгүүдийн давтамж, хуваарьт өөрчлөлт оруулахаар болсноо зарлалаа.

Тодруулбал, энэ сарын 8-ны өдрөөс эхлэн гадаадын агаарын тээврийн компани бүрт БНХАУ руу хийх зөвхөн нэг маршрут үлдээж, долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх эрхтэй болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэхдээ гадаадын агаарын тээврийн компаниуд нисэх буудал, боомт, хотын хүчин чадал, шаардлага хэрэгцээг сонгон үзэж нэг маршрутыг хадгалж авч үлдэх юм байна.

Түүнчлэн агаарын тээврийн компаниуд эрсдэлийг хяналтдаа авч, баталгаатай нөхцөлийг бүрдүүлж чадах аваас дээрх шаардлагыг хангаж буй зарим улсын нислэгийн тоог тохиромжтой хэмжээгээр нэмэгдүүлэх юм.

Одоогийн мөрдөгдөж буй нислэгийн журамд тусгаснаар, Хятадын агаарын тээврийн компаниуд аливаа нэг улс руу зорчигч тээврийн нислэг үйлдэхдээ мөн нэг маршрутаар, долоо хоногт 1-ээс ихгүй давтамжтай нислэг үйлдэж байна. Мөн журамд тусгаснаар нэг өдөрт үйлдэж буй нийт нислэгийн тоо 3-р сарын 12-ны өдрийнхөөс давахгүй байхаар заажээ.

 

Холбоотой мэдээ