Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-03 10:15:53

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастайд Азийн хөл бөмбөгийн холбооны 100 хувийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай байгуулжээ. 

Тус хөл бөмбөгийн талбай нь 20:40 метрийн хэмжээтэй, 60мм зүлэгтэй, гэрэлтүүлэгтэй, сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий шинэ шийдлээр барьжээ. Талбай нь Улиастай сумын Бүрэн дунд 3-р сургуулийг түшиглэн барьсан бөгөөд "Эйч-Би-Эс" компани барилгын ажлыг гүйцэтгэжээ. Анх 2016 оноос тус суманд олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай болох санаачилга гарч улмаар 2017 онд Хөл бөмбөгийн холбоонд албан ёсоор саналаа уламжилсан байдаг. Ингээд 2019 оны 4-р сарын 27-ны өдөр Азийн Хөл бөмбөгийн холбооны зөвлөх Пүүн Ёк Хэн, Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ч.Мөнхзул нар Завхан аймагт ажиллаж хөл бөмбөгийн талбайг барихаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд төсөл амжилттай хэрэгжиж Завхан аймаг хүүхэд, залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх бас нэгэн цогцолбортой боллоо. Хүүхэд залуучууд, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрын тоог нэмэх, бүтээн байгуулалтыг өрнүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. Тухайлбал, 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Улиастай хотын зургаан багт тоглоомын талбай, 14 суманд “Нийтийн биеийн тамир спортын талбай” барьж ашиглалтад оруулсан. Харин энэ удаад стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо. Хөл бөмбөгийн спорт нь хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой спорт гэдгийг Япон улс хүлээн зөвшөөрч ерөнхий боловсролын сургуулиуддаа заавал орох хичээлүүдийн нэг болгосон байдаг. Тиймээс олон улсын байгууллагатай хамтран Япон улсаас орон нутагтаа мэргэжлийн багш урьж ажиллуулахаар төлөвлөөд байгаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ