Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь дугуйтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-27 12:25:47

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 70 гаруй хувь нь дугуйтай болж, долоо хоног бүрийн тогтмол өдрүүдэд урт болон богино зайд аялал хийж байна.

Тус байгууллага аймгийн төвд 80 шахам алба хаагчидтай бөгөөд тэд сайн дурын үндсэн дээр дугуй унах аяныг өрнүүлэн, алба хаагч бүр дугуйтай болох, дугуйн зогсоол хийх зэрэг санаачилгыг гарган хэрэгжүүлжээ.

- Аян зохион байгуулснаар биеийн дархлаагаа дэмжих, бие бялдраа чийрэгжүүлэх, биеийн жингийн зохистой харьцааг барих, албаны байнгын бэлтгэл бэлэн байдлаа хангахад сайн нөлөө үзүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байгааг алба хаагчид илэрхийлж байна. Ажил, амралтын нөхцөл байдлыг зохицуулан Орхон сумын төв, Бугат сумын нутаг Цачиртын гүүр хүртэл 40-50 км зам туулах аялал хийдэг гэж аймгийн Онцгой байдлын орлогч дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр ярилаа. Байгаль хамгаалах, орчны бохирдлыг арилгах зэрэг гол горхи болон төв зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажилд албаны унаа ашиглахгүй дугуйгаар явж, эрүүл мэндээ дэмжиж, эдийн засгаа хэмнэдэг болсон байна.

Холбоотой мэдээ