Ялалтын баярын парад 6 дугаар сарын 24-нд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 20:58:56

МОСКВА. /TASS/. Ялалтын баярт зориулсан цэргийн жагсаал ирэх 6 дугаар сарын 24-нд болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зөвлөгөөн хийх үеэрээ мэдэгджээ.


"Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгож байна. Ялалтын баярын парадыг бид 6 дугаар сарын 24-нд буюу 1945 онд ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Ленинградыг хамгаалж Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид Улаан талбайгаар явж байсан тэр өдөр хийх болно" хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүн мэдэгджээ. 

Баярын жагсаалд оролцогсдын эрүүл мэндэд учирч болзошгүй аливаа эрсдэлээс зайлсхийхийг В.Путин ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосон байна. 

"Жагсаалын бэлтгэл ажлыг явуулахдаа аюулгүй байдлыг хангахын тулд хатуу шаардлага тавихыг үүрэг болгож байна. Жагсаалд оролцогчдын хувьд эрсдэлийг байж болох хамгийн бага хэмжээнд байлгах ёстой" хэмээн В.Путин хэлжээ.

Халдварт өвчний оргил үе өнгөрсний дараа дийлэнх бүс нутагт болон Зэвсэгт хүчинд нөхцөл байдал тогтвортой хэвээр байгааг харгалзан үзсэнээр ийм шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрбээр эдгээр хүнд долоо хоногууд, саруудад цэргийн сургуулийг үргэлжлүүлж, батлан хамгаалахын чухал асуудлуудыг шийдвэрлэсний ач холбогдлыг цохон тэмдэглэжээ. 


Түүнчлэн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хугацааг нь хойшлуулах шаардлагагүй болвол "Мөнхийн хороо" жагсаалыг 7 дугаар сарын 26-нд буюу Тэнгисийн цэргийн флотын өдөр явуулахаар төлөвлөж байгаа аж. Зай барих, аюулгүй байдлыг хангах хатуу шаардлагыг биелүүлэхтэй холбоотойгоор гудамжаар олон хүн цуглардаг "Мөнхийн хороо" арга хэмжээг 6 дугаар сарын 24-нд явуулах боломжгүй гэдгийг В.Путин цохон тэмдэглэжээ. 
Холбоотой мэдээ