Сүмочдыг шинжилгээнд хамруулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-05-19 11:10:44

ТОКИО. /Kyodo/. Японы Сүмо бөхийн холбоо сүмочид, дэвжээний багш нар зэрэг 900 орчим хүнийг даваа гаргаас коронавирусний эсрэг биетийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.


Даваа гарагт хоёр дэвжээний 34 хүнд шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээ өгөх хүсэлтэй бүх хүнийг сар орчмын дотор шинжилгээнд хамруулна гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ. Тус холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаямагийн мэдээлснээр, өдөрт 2-3 дэвжээний 50 орчим хүнд шинжилгээ хийх ажээ.


Доод зиндаанд хамаарагддаг 28 настай сүмоч Шобүши халдварын улмаас өнгөрсөн долоо хоногт нас барсны дараа олныг хамарсан шинжилгээг эхлүүлж буй нь энэ юм. Тэрбээр халдварын улмаас нас барсан анхны сүмоч болжээ. Түүний дэвжээний багш Такадагава, мөн уг дэвжээний сүмоч Хакүёзан нараас халдвар илэрчээ. Сүмо бөхийн холбоонд халдварын долоон тохиолдол бүртгэгдсэн байна.


Зуны башёг Токио хотод тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 7-нд зохион байгуулахаар товлож байсан боловч халдварын тархалтыг сааруулахын тулд энэ сарын эхээр цуцалсан юм. Сүмо бөхийн холбоо долдугаар сарын 19-нд эхлэх Нагоя башёг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулах боломжийг хэлэлцэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ