“Эдийн засгийн коридор” байгуулах хэлэлцээ үргэлжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-06 12:43:25

ЛОНДОН. /Worldcoal/. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам тавьж, “Эдийн засгийн коридор” байгуулах асуудлаар Засгийн газрын түвшний хэлэлцээ явагдаж байна гэж “Aspire Mining” компанийн улирал тутмын тайланд дурджээ. Энэ ажлын  эхлэл нь  Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам байх болно гэж тус компани үзэж байна.

“Aspire Mining”-ийн салбар болох “Northern Railways” компани төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг тавих ажлыг гүйцэтгэх билээ.

Энэ төмөр зам нь “Эдийн засгийн коридор”-той холбогдоод зогсохгүй “Aspire Mining” компанийн коксжих нүүрсний Овоот төслийг олон улсын зах зээлтэй одоо байгаа төмөр замаар холбох юм.

“Northern Railways” компани төмөр зам тавих ТЭЗҮ-ийн судалгааг эхлүүлэхэд бэлтгэх ажлыг дуусгаад одоо судалгаа болон бусад холбогдох ажилд шаардагдах санхүүжилтыг хайж байна.

Европ-Азийн худалдааг нэмэгдүүлэх зорилготой БНХАУ-ын “Шинэ торгоны зам” болон Европ-Азийн эдийн засгийн бүс байгуулах зорилго бүхий ОХУ-ын бодлогын хүрээнд “Эдийн засгийн коридор” байгуулах санал дэвшүүлжээ. Энэ нь худалдааны зохицуулалтыг багасгаж, тээврийн чадавхыг нэмэгдүүлэн, автозам, төмөр замын дэд бүтцийг сайжруулах замаар худалдааг дэмжих зорилготой юм.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ