Зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-15 10:22:49

Хэнтий /МОНЦАМЭ/ Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээтэй холбогдуулан орон нутгийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 05 сарын 15-ны өглөөний 10.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.


Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Онцгой комисс, Цаг уур орчны шинжилгээний газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэх аж.


Энэ үзэгдэл нь 2008 оны тавдугаар сарын 26-27-нд дээр дурдсан аймгуудад болсон цаг агаарын гамшигт үзэгдэлтэй маш төстэй байгааг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Тус байгалийн гамшгийн үеэр 52 хүний амь нас эрсдэж, 324 мянган мал хорогдож, 100 гаруй гэр, байшин нурсан хохирол учирч байсан юм.

Өнөөдрийн тухайд өглөө сайхан дулаахан, багавтар үүлтэй байх ч 14:00 цагаас хойш температур огцом унаж, цасан болон шороон шуурга шуурна. Тийм учраас өглөөний наранд хууртаж, нимгэн хувцастай гарахгүй, хүүхдээ малд явуулахгүй, малаа холын бэлчээрт гаргахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ