“Төв Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал”-ыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 00:56:30

“Төв Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ХААИС-ийн Дархан салбарт хоёр дахь жилдээ хийлээ. Хуралд Дархан-Уул аймгийн Засаг дарга болон ОХУ, БНХАУ, БНСУ, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, профессор багш нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний бага хурал нь ОХУ-ын Улан-Удэ хотын ХАА-н Академи болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчинд ээлтэй газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж хүн ардын хүнсний аюулгүй байдлыг хангах, газар ашиглалтыг зөв зохион байгуулахад тулгамдаж буй өнөөгийн асуудлыг шийдвэрлэх, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан байна. Энэ үеэр газар тариалан, ойн аж ахуй, байгалийн баялаг ба түүний ашиглалт, усны нөөц, хамгаалалт, газар зохион байгуулалт, хүрээлэн буй орчны хяналт, үнэлгээ зэрэг арваад сэдвээр эрдэмтэд илтгэл тавилаа. Манай оронд байгаль орчин хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын судлаачид экологижсон, бай­гальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах технологи нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар олон арван жилийн туршилт, су­далгааны ажлуудыг хийдэг. Гэвч сүүлийн жилүүдэд хүний буруу үйлдлээс болж хөрс бохирдох, усны нөөц багасах, уур амьсгал эрс өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үзэгдэл бий болж байгаа тухай зөвлөгөөнд оролцогчид ярьж байлаа. Тус хуралд Орхон сумын ЗДТГ-аас хүрээлэн буй байгаль орчин, шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны мэдээлэл авах, нөгөөтэйгүүр “Ногоон тосгон” болох зорилтын хүрээн 2015 оноос өвлийн хүлэмж байгуулах судалгааны ажлыг БНСУ-ын эрдэмтэдтэй хамтарч эхлүүлсэн мэдээллийг Орхон сумын Засаг дарга Б.Батбаяр өглөө.

Аймгийн Засаг даргын А.Энхболд”-“Төв Азийн байгаль орчин, хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал нь энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнд тул­гуурлаж дэлхийн аль ч улсад давтагдашгүй онцгой шинжтэй Монгол орны байгалийн болон биологийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой ашиглах, нөхөн сэргээх зэрэгт тодорхой асуудлыг боловсруулж гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

                                                           Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ