Хятадын үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь үйл ажиллагаагаа сэргээжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-01 17:32:21

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улс даяарх иргэдийн амьдрал ахуйд үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа талаар тус улсын Худалдааны яамнаас өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофөн хэлэхдээ “Одоогоор зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулахад урьдын адил хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарсаар байна. Үйлчлүүлэгчид худалдаа хийхээс зайлсхийх, үйлчлүүлэгчдийн урсгал бага, оруулж буй орлого бага байх зэрэг хүндрэлүүд байсаар байна. Худалдааны яамнаас холбогдох яам, газруудтай хамтран жижиг дунд аж ахуйн нэгж болон хувь хүний ажиллуулж буй үйлдвэр, худалдааны газруудын түрээсийг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн манай яам олон нийтийн хэрэглээний үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор туршилтын төслүүдийг хэрэгжүүлнэ. Мөн нийтийн хоолны салбарыг дэмжих арга хэмжээг тохиромжтой цаг үед хэрэгжүүлнэ” гэв.

Хятад улсад коронавирусний тархалтыг хязгаарлах ажил амжилттай болж, нөхцөл байдал улам бүр тогтворжиж байгаатай холбоотойгоор эдийн засгийг нэн даруй сэргээж, хэвийн байдалд оруулах ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа сэргээсээр байгаа юм.

             

Холбоотой мэдээ