“Чойномын Ертөнц-2016” уран уншлага, илтгэлийн уралдааны эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 17:11:37

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “ЧОЙНОМЫН ЕРТӨНЦ-2016” уран уншлагын Хэнтий аймгийн уралдаан 2 үе шаттай боллоо.

Сум тус бүрт явагдсан 1-р шатнаас шалгарсан 21 сум тосгоны нийт 48 уран бүтээлч нэгдсэн шалгаруулалтад орж авьяас чадвараа сорилоо. Уг уралдааныг Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын нэрэмжит Нийтийн номын сан, Чойномын өвийг хамгаалах “ӨД” сан, аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгуулжээ.

Хан Хэнтий чуулгын байранд болсон “Чойномын Ертөнц- 2016” уран уншлагын уралдааны хүүхдийн насны ангилалд тэргүүн байрыг Батноров сумын ЕБС-ийн сурагч Г.Тэргэл, дэд байрыг Батширээт сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч У.Уранчимэг, гутгаар байрыг Хэрлэн сумын 1-р сургуулийн сурагч Ш.Эрхэмбаяр нар эзэллээ.

Харин насанд хүрэгчдийн ангилалд Мөрөн сумын ЕБС-ийн бага ангийн багш Д.Пүрэвжаргал тэргүүн байр, Батноров сумын харьяат СУИС-ийн оюутан Б.Цогбаяр дэд байрыг, Цэнхэрмандал сумын Ойн ангийн ажилтан Ж.Баярмай гутгаар байр эзлэв.

Мөн “Чойномын ертөнц- 2016” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн уралдааннасанд хүрэгчдийн ангилалд болж, Жаргалтхаан сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Цэндбаяр “Эрх чөлөөний дууч, эгэл атлаа эгэлгүй нэгэн” илтгэлээрээ тэргүүллээ. Дэд байрыг Баянхутаг сумын ЕБС-ийн багш Ц.Банзрагч “Чойномын ертөнц” сэдвээр, гутгаар байрыг Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батболд “Чойном-Ардчилал” илтгэлээрээ удааллаа.

Мөн илтгэлийн  уралдааны хүүхдийн насны ангилалд Мөрөн сумын ЕБС-ийн 8-р ангийн сурагч Б.Ану-Дарь “Миний мэдэх Чойномын ертөнц” илтгэлээрээ тэргүүн байр, дэд байрыг Бор-Өндөр цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Б.Эрдэнэсүх “Чойномын ертөнц” илтгэлээр, гутгаар байрыг “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Б.Цэрэндэжид нар эзэлсэн юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ