УБТЗ-ын ажилчдын 28 хувь нь ээлжийн амралтаа авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-08 14:40:10
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөнд тээврийн салбар хамгийн ихээр өртөж буй. УБТЗ оны эхний гурван сард зорчигч тээврээс 1,7 тэрбум, ачаа тээврээс 16 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Санхүүгийн энэ хүнд нөхцөлд тус байгууллага ажилчдаа цомхотгохоос илүүтэй хөдөлмөр зохион байгуулалтыг зөв шийдэж ажлын байраа хадгалахад анхаарч байгаа аж.


УБТЗ 15 900 орчим ажилтантай. Тэдний 10 мянга гаруй нь хөдөлгөөнтэй шууд холбоотой үндсэн албанд ажилладаг бол үлдсэн нь нийгмийн салбар буюу барилга, сургууль, цэцэрлэгт ажилладаг . 

Одоогоор УБТЗ-ын 1200 орчим ажилтан богиносгосон цагаар ажиллаж байгаа аж. Мөн Замын даргын шийдвэрээр ээлжийн амралтын хоорондын зай 6 сар байсныг 4 сар болгосноор нийт ажилтны 28 хувь нь амралтаа авчээ. Харин үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон нийгмийн салбарын ажилчдаа цалингийнх нь 75 хувиар цалинжуулж байгааг УБТЗ ХНН-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Пүрэвдорж хэллээ.


Тэрбээр, "COVID-19"-тэй холбоотой эдийн засгийн хүндрэл цаашид улам нэмэгдэх нь тодорхой. Ажилчдаа цомхотгохоос илүүтэй хөдөлмөр зохион байгуулалт хийх, зардал хэмнэх боломжийг шат шатандаа хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ажлын цагийг богиносгох, цалинтай, цалингүй чөлөө олгох, алсын зайнаас ажиллуулах зэрэгт анхаарч байна. Байгууллагаа дэмжих үүднээс төмөр замчид өөрсдийн саналаар цалингүй чөлөө авах хүсэлт гаргаж байгаа. Үйл ажиллагаа нь ерөнхийдөө зогсчихоод байгаа нийгмийн салбарын зарим ажилчдыг үндсэн цалингийнх нь 75 хувиар цалинжуулж байгаа. Төмөр замын нэрэмжит политехникийн коллеж, цэцэрлэгийн 350 багш гэрээсээ цахимаар сургалтаа явуулж байна" гэв.


Сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт боловсон хүчний эрэлт нэмэгджээ. Тэр дундаа урд чиглэлд төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байгаатай холбоотой Сайншанд, Замын-Үүд, Чойрт ажиллах үндсэн мэргэжлийн албанд хүний нөөцийн эрэлт хэрэгцээ их байгааг албаныхан хэлж байна.


Холбоотой мэдээ