Тээвэрлэлт хийж буй хүнд даацын машинууд их хэмжээний тоосонцор үүсгэж байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-03-30 20:15:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой”-гоос Говьсүмбэр аймгийн Шивээговь сум руу нүүрс тээвэрлэх хүнд даацын машинууд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, малчдын амьдрал, амьжиргаанд маш их хүндрэл учруулж байгаа тухай орон нутгийн иргэд өргөдөл гомдол гаргажээ.  

Өлзийт, Баянжаргалан сумын 270 гаруй малчин сумынхаа ИТХ, Засаг даргад гомдол гаргасны дагуу дээрх хоёр сумын удирдлагууд аймгийн ИТХ-д энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх саналаа хүргүүлээд байна.

Дээрх сумын малчдын зүгээс “тээвэрлэлт хийвэл зориулалтын замаа тавь, үгүй бол тээвэрлэлтээ зогсоо” гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.

Шивээговь сум руу хүргэх нүүрс тээвэрлэлт говийн гурван аймгийн зургаан сумыг дамнан 400 гаруй км явдаг бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар болон Баянжаргалан сумын төвөөр дайран өнгөрч байна. Говийн хөрс зөөлөн байдаг учраас нэг замаараа явдаггүй, хэд хэдэн эгнээ зам үүсгэж бэлчээрийг их хэмжээгээр талхалж байгаа төдийгүй их хэмжээний тоосонцор үүсгэж байгааг малчид ярьж байна.

Өлзийт, Баянжаргалан сумын дөрвөн багийн 130 гаруй өрхийн 160 гаруй мянган мал, сумын төвийн 500 гаруй хүн ам замын тоосжилтод өртөж байна.

Гуравдугаар сарын 27-нд дээрх хоёр сумын иргэд, сумын удирдлагууд тээвэр хийж байгаа машинуудыг зогсоож, бүртгэж, явуулахгүй байх талаар тэмцлийн үйл ажиллагаа явуулжээ.   

Хүнд даацын машинаар нүүрс тээвэрлэх энэхүү үйл ажиллагаа өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сараас эхэлж, наймдугаар сараас түр зогссон байсан ба өнгөрсөн сараас эхлэн тээвэрлэлт эрчимтэй явж эхэлжээ. Өдөртөө хүнд даацын 80 гаруй машин явж өнгөрч байгааг дээрх сумдын удирдлагууд мэдээллээ.

“Страто” ХХК өнгөрсөн оны гуравдугаар сард Өлзийт сумын ИТХ-д энэхүү төслөө танилцуулахдаа Засгийн газрын бодлогоор Эрднэс-Тавантолгойн нүүрсийг угааж, баяжуулаад нэмүү өртөг шингээж борлуулахаар гэрээ байгуулсан, хатуу хучилттай авто зам тавьж байж тээвэрлэлт хийнэ хэмээн танилцуулжээ. Харин зам тавилгүйгээр шороон замаар тээвэрлэлт хийснээр малчид нутагтаа байх боломжгүй боллоо гэдгийг Өлзийт сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх онцоллоо.

Баянжаргалан суманд ч гэсэн энэхүү төслөө танилцуулж, сайжруулсан зам тавина гээд сумын замыг хусч эхэлснийг сумын удирдлагуудын зүгээс зогсоосон хэмээн тус сумын ИТХ-ын дарга О.Ууганбаатар танилцуулсан юм.

Холбоотой мэдээ