Д.Нямхүү: Өвчтөнийг хянаж, хамгаалалтад авах нь үрэлгэн биш, хамгийн зөв зам

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2020-03-27 19:49:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүтэй коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн эмчилгээ үйлчилгээний тухай асуудлаар ярилцлаа.


-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдварын сэжигтэй 208 хүнийг тусгаарлаад байгаа. Өвчтөнүүдтэй хамт эмч, эмнэлгийн ажилтнууд ч 14 хоног тусгаарлагдсан. Ер нь тус эмнэлэгт эрсдэлтэй нөхцөлд ажиллах хүн хүчний нөөц ямар байна гэж ойлгож болох вэ?


-Одоогийн байдлаар хүний нөөцийн хувьд сандрах юм байхгүй. ХӨСҮТ-д 7 хүний бүрэлдэхүүнтэй 15 баг бэлдсэн. Энэ ээлжээрээ ажиллаж байна. Манай бэлтгэгдсэн баг бүгд бэлэн байдалд ажиллаж байна. Харин Ц.Чинбаяр эмчийн хувьд франц өвчтөнийг эмчилж байгаа учраас солихгүй ажиллуулах бодолтой байгаа. Эмчилгээ зохиж байгаа учраас нэг хүний гараар эмчлэх нь зөв гэж үзсэн.


-БНХАУ-д коронавирусээр халдварласан өвчтөнийг уламжлалт эмчилгээтэй хослуулан эмчилж амжилтад хүрч байгааг өрнөдийнхөн бичиж байна. Харин манай эмч мэргэжилтнүүд ямар бодлого баримталж байна вэ. Ер нь өвчтөнүүдийн биеийн байдал ямар байна вэ?


-Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Өдөр бүр мэдээ аваад, тэдний биеийн байдал, эмчилгээний талаар хоорондоо зөвлөлдөж вирусний шинжилгээ хийхээс гадна биохими, цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээ гээд бүх мэдээллийг протоколд хавсаргаж байгаа. Ер нь алсдаа, энэ үед тухайн өвчтөнг хэрхэн яаж эмчилж байсан бэ гэсэн монгол эмчилгээний арга хувилбар үлдэнэ шүү дээ. Тэгэхээр бид өнөөдөр бүрэн хэлэх боломжгүй ч гэсэн эмчилгээ үйлчилгээг цаг тухайд нь тэмдэглэж  байгаа. Өдөр бүр хийсэн эмч нарын зөвлөлдөөн болгоныг ч тэмдэглэн үлдээж байгаа.


-Дахин гадаад орнуудаас иргэдээ эх орондоо татан авчрах гэж байна. Цаашдаа ч эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олширч магадгүй юм. Үүнд эрүүл мэндийн салбарынхан хэр бэлэн байна гэж үзэж байгаа вэ?


-Бид үүнд бэлэн байж чадна. Яагаад гэвэл ХӨСҮТ дангаараа ажиллахгүй шүү дээ. Өөр бусад эмнэлгийг дайчлахаар төлөвлөсөн. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Гадаадаас иргэдээ авчраад бүгдийг нь тусгаарлана. Хамгийн эгзэгтэй, халуурсан, шинж тэмдэг илэрсэн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлана. Иргэн өөрөө 55 мянган төгрөгийг төлөх хууль дүрэм, шийдвэр гарсан учраас нэг өрөөнд нэг хүнийг оруулна. Энэ нь бүрэн хяналтдаа байлгах, вирус илэрлээ гэхэд тухайн хүн бусдад аюул тарихгүй гэсэн үг.

Иргэддээ хандаж хэлэхэд, Монголын төр, засгийн газар ингэж их анхаарч ажиллаж байхад тусгаарлалтад байгаа хүмүүс дайны байдалд байна гэж тооцоод илүү ихийг шаардахгүй 14, 21 хоногийг өнгөрөөх нь өөрөө түүхэн үйл явдалд оролцож байна гэсэн үг. Мөн Монгол Улсын Засгийн газрынхаа шийдвэрийг дэмжиж байгаа хэлбэр, хоёрдугаарт бусдад аюул тарихгүй гэсэн сэтгэлээр тэвчих хэрэгтэй. Одоо иргэдийг нэг нэгээр нь байлгаад ирэхээр бүр нарийн зохион байгуулалтад оруулах бөгөөд иймэрхүү арга хэмжээгээ улам нарийсгах хэрэгтэй. Мэдээж хүмүүс ирэх тусам бидэнд аюул авчирна. Гэхдээ бид шинэ зүйлд суралцана, туршлагажина.


-Өчигдөр батлагдсан нэг тохиолдолтой хамт байсан хүмүүсийн шинжилгээний хариу гарсан уу?


-Тэр хоёрыг санамсаргүйгээр нэг өрөөнд оруулаагүй. Гадаадаар цуг аялж байсан, найзууд.  Тиймээс цаашид байдлыг маш нарийн хянаж байна. Ажиглалтад байгаа ч гэсэн бид маш анхааралтай ажиллаж, ерөөсөө ч сул орхихгүй. Хамгийн гол зүйл бол иргэд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Өнгөрсөн гурван сарын хугацаанд өөрийгөө хамгаалах заавар, ямар шинж тэмдэг илрэх вэ гэдгийг нь хангалттай зааж буй учраас үүнийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй.


-УОК-ын мэдээлж байсан, уушги орлуулагч аппаратыг хэзээ оруулж ирэхээр болсон бэ?


-Түүнийг сайн мэдэхгүй байна. Шуурхай авахыг бодож байгаа. Яагаад гэвэл дараагийн тусгай нислэгээр иргэдээ авчрахаас гадна юу авах вэ гэдгээ ярилцаж байгаа.


-Нэг өвчтөнд өдөрт 800 мянган төгрөг зарцуулж байгаа гэсэн. Тиймээс улс эх орноо бодсон ч иргэн бүр сахилга баттай, хариуцлагатай байх шаардлага нэн чухал байна тийм үү?


-Яг тийм. Иргэн бүрийн хариуцлага маш чухал. Улс орны эдийн засаг хүнд байна. Вирус илрэхээ болиод вирусний тоо цөөрөөд ирвэл эмчилгээ үр дүнгээ өгч буй шинж тэмдэг болдог. Тэгэхээр яг төдөн хоног эмчилнэ гэсэн зүйл байхгүй тул нэг хүнд үнэхээр их мөнгө зарцуулж байна. Хүний алтан аминаас илүү юм мэдээж байхгүй. Бид илрүүлж, хянаж, хамгаалалтад авах нь үрэлгэн биш, хамгийн зөв зам. Тэгэхээр асар их хөрөнгө мөнгө зарцуулна гэдэг нь ойлгомжтой.     

 


Холбоотой мэдээ