Монгол-Сингапурын харилцаа "Эрина солюшнз"-аар дамжин өргөжиж байна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-03-26 15:10:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Сингапурын хоорондын худалдаа, бизнесийн хамтын ажиллагаа хоёр орны хамтарсан "Эрина солюшнз" компаниар дамжин өргөжиж байна. 

Тодруулбал, Сингапурт хөгжиж буй орны ЖДҮ болон худалдаа эрхлэгчдийг Зүүн өмнөд Азийн зах зээлд гаргах зорилготой "Business Entry program-Singapore Incubator" бизнесийн хөтөлбөр хэрэгждэг. Тус хөтөлбөр Монгол зэрэг хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийг гадаадын зах зээлд гаргахад нь "бойжуулж" сургах инкубатор цуврал үйл ажиллагааг явуулдаг юм. Үүнийг Сингапур дахь Азийн Бизнес инженерийн баг (Business Engineers Asia (Singapore) зохион байгуулж байна. Монголд дээрх багийг "Эрина солюшнз" компани албан ёсоор төлөөлж, Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа ялангуяа ЖДҮ эрхлэгчдийг гадаадын зах зээлд гаргахад хичээн ажиллаж бана. 

Тус компани Монгол-Сингапурын хамтарсан “Хэрэглээний бараа, бүтээгдэхүүний жижиглэн худалдаа-Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг манай улсад хоёр ч удаа зохион байгуулаад байгаа юм. Харин энэ жил олон улсад тархаад буй "COVID-19"-ийн халдвараас шалтгаалж чуулга уулзалт, бизнесийн үйл ажиллагааг цахимаар, онлайнаар явуулахад хүрээд буйг Монгол-Сингапурын хамтарсан ложистикийн "Эрина солюшнз" компанийн төлөөлөгч Н.Мөнхцэцэг хэлж байна. 


Монголын ЖДҮ эрхлэгчид Сингапураар дамжин Зүүн өмнөд Азийн 30 гаруй оронд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрджээ.


Дээрх чуулга уулзалт манай улсад өнгөрсөн оны 3 дугаар сарын 8-12-нд бизнесийн сургалт хэлбэрээр цувралаар болж энд Монголоос ноос, ноолуурын “Могол ноос”, “Хатан гэрэгэ”, аялал жуулчлал, сувиллын “Эльма хужирт” зэрэг компани, “Ухаалаг үйлс” хоршоо зэрэг ЖДҮ эрхлэгч нар оролцсон юм. Эдгээрээс ноос, ноолуурын чиглэлийн 3-4 компани бизнесийн инкубатороор дамжин Азийн орнуудын зах зээлд хэдийн гарч, бүтээгдэхүүнээ худалдаж эхэлжээ.  

Энэ талаар “Азийн Бизнес инженерийн баг” группийн төлөөлөл, стратеги, хамтын ажиллагааны хэлтсийн захирал ноён Судабе Рамачандеранаас онлайнаар тодруулбал, "Тиймээ, бид өнгөрсөн жил Монголын олон компанийн төлөөлөлтэй уулзаж байснаа сайн санаж байна. Манай бизнес сургалтад Сингапурт бизнес  эрхлэхийг зорьж буй дотоодын ААН-үүд оролцсон. 

Монголын байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эхнээсээ гарч эхэлсэнд бид баяртай байгаа. Тухайн үед Монголын компаниудын бараа бүтээгдэхүүн экспортод гарахад боловсруулалт болон сав баглаа, боодлыг сайжруулах хэрэгтэй байсан. Үүнийгээ ч дээшлүүлж чадсан. Мөн зарим компанийн төлөөлөл Сингапурт ирж хөрөнгө оруулагчидтай болсныг дуулсан" гэв. 


Тэрээр, "Бид олон улсын хүрээнд үндэсний жижиг бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг Сингапураар дамжуулаад Зүүн өмнөд Азийн орнуудын зах зээлд гаргах зорилготой ажилладаг. Монголын ЖДҮ эрхлэгчид дэлхийн зах зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Зүүн өмнөд Азид гарч бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн топ худалдааны сүлжээгээр дамжуулан борлуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна" гэсэн юм. 


Сингапурын "Business Entry program-Singapore Incubator" бизнесийн хөтөлбөрөөс гадна "Action community entrepreneurship Singapore (ACE)"-тай хамтран манай улсын Мэдээлэл технологийн Үндэсний парк "Азийн зах зээлд нэвтрэх хамтын ажиллагааны хурдасгуур хөтөлбөр" буюу мэдээлэл-технологийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан энтрепренер буюу гарааны компаниудыг төрүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 


Зураг дээр: Доктор Саха Деван Мияанатан Монгол-Сингапурын бизнес уулзалтын үеэр Монголын ЖДҮ эрхлэгч нартай цахимаар холбогдож буй нь. Тэрээр Дэлхийн банкны Монгол дахь менежерээр ажиллаж байсан юм. 


Гэрэл зургийг Т.Чимгээ, Н.Батбаяр


Холбоотой мэдээ