Английн Төв банк бодлогын хүүгээ дахин буурууллаа

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-03-20 10:07:01

ЛОНДОН. /BBC/. Шинэ коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих зорилгоор Английн Төв банк бодлогын хүүгээ дахин бууруулжээ. Тус банк сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа бууруулж, 0.25-аас 0.1 хувьд хүргэлээ.


Английн Төв банк 325 жилийн түүхэндээ бодлогын хүүг хамгийн бага хэмжээнд хүргэн бууруулж буй нь энэ юм. Мөн зээлийн зардлыг бууруулахын тулд Их Британийн Засгийн газар, корпорацын бондуудыг 200 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлнэ гэж тус банк мэдээлсэн байна.


Английн Төв банкны тэргүүн Марк Карнигийн халааг даваа гарагт авсан Эндрью Бейли энэхүү шийдвэрийг шийдэмгий гаргажээ. Эдийн засагт халдварын учруулах хохирлыг даван туулахад бизнес, хувь хүмүүст туслалцаа үзүүлэх үүднээс тус банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 0.5-аас 0.25 болгож бууруулсан юм.


“Одоогийн байдлаар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хангалтгүй байж болзошгүй бөгөөд цаашид нэмэлт арга хэмжээнүүдийг авах шаардлагатай гэж үзэж байна” гэж банкны мэдэгдэлд дурджээ. “COVID-19”-ийн тархалт болон халдварыг хязгаарлах арга хэмжээнүүд эдийн засагт томоохон цочрол үзүүлэх төлөвтэй байгаа хэдий ч хугацаа нь богино байх магадлалтай гэж тус банкны мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ