Өдөр бүр ЕБС-уудын хариуцлагатай жижүүрүүдтэй холбогдон ажиллаж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-18 19:30:24

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БСУГ-аас өдөр бүр ЕБС-уудын хариуцлагатай жижүүрүүдтэй холбогдож, теле хичээлийн үзэлтийн мэдээг авч байна. Энэ хичээлийн жилд тус аймагт ерөнхий боловсролын 27 сургуульд 850 багш, 16648 сурагч суралцаж байгаа юм.

Тодруулбал, бага ангийн 250 багш, 5910 сурагч байнгын эргэх холбоотой ажиллаж, цэцэрлэгийн хүүхдүүдийн 60 хувь, багш нарын 78 хувь нь теле хичээлээ тогтмол үзэж, дунд, ахлах ангийнхны 60 хувь нь багш нартайгаа холбогдож, үлдсэн хувь нь алдаг оног байна гэсэн мэдээллийг БСУГ-аас өгөв.

Цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүд бага зэрэг залхах, уйдах байдал ажиглагдаж эхэлсэн. Мал төллөлт, ноолуур самналтын үе ирсэн тул дунд, ахлах ангийн зарим сурагчид хөдөө явжээ.  

Багш нар тухайн өдрийн теле хичээлийг бататгах зорилгоор ангийнхаа эцэг эхчүүдийн группээр дамжуулан даалгавар өгч, эргэн шалгаж зөвлөх, гэрэл зургаар баталгаажуулах зэргээр боломжтой хувилбар бүрийг ашиглаж байна. Энэ сарын еснөөс теле хичээлийн агуулга илүү сайжирсан гэсэн дүгнэлтийг эцэг эхчүүд, багш нар өгсөн гэв.

Энэ хавар Дорнод аймагт ЕБС-ийн тавдугаар ангийг 1681, есдүгээр ангийг 1120, 12 дугаар ангийг 800-гаад хүүхэд төгсөнө. 

Холбоотой мэдээ