“NASA” Ангараг руу илгээх төхөөрөмжийнхөө нэрийг сонгожээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-03-09 12:14:07

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ мэргэжилтнүүд энэ зун Ангараг гараг руу илгээх тандалтын төхөөрөмжийнхөө нэрийг олон нийтэд танилцуулжээ. 


Энэхүү төхөөрөмжийг өдийг хүртэл “Mars-2020” хэмээн нэрлэж байсан бол цаашид “Perseverance” буюу шаргуу, няцашгүй зан чанарыг илэрхийлсэн утга бүхий үгээр нэрлэхээр болсон байна. 


NASA” Ангараг руу 2020 онд илгээх төхөөрөмждөө нэр өгөх эсээ бичлэгийн тэмцээнийг АНУ-ын сургуулийн өмнөх болон бага, дунд, ахлах сургуулийн бүх сурагчийн дунд зохион байгуулсан бөгөөд үүнд 28 мянга гаруй бүтээл ирсэн юм. Энэхүү тэмцээний сүүлийн шатанд 155 эсээ шигшигдэн үлдэж, тэдгээр нэрээр өнгөрсөн нэгдүгээр сард цахим санал хураалт явуулан ялагчийг тодруулжээ.


Perseverance” хэмээх нэрийг Виржиниа муж улсын дунд сургуулийн сурагч, 13 настай Александр Матер санал болгосон бөгөөд тэрбээр энэ оны долдугаар сард Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас тандалтын төхөөрөмжийг хөөргөх арга хэмжээнд оролцох эрхтэй болжээ. 


NASA”-гийн мэргэжилтнүүд Perseverance” төхөөрөмжийг Ангараг гаргийн уур амьсгал, геологийг судалж, сорьц цуглуулан дэлхий рүү авчруулахаар бүтээсэн байна. 

Холбоотой мэдээ