Төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүд хандив өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-06 17:46:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд Монгол Улсад "COVID-19" халдвар гарахаас сэргийлэх үйлсэд нэгдэж, цуглуулсан хандиваа Шадар сайд, Улсын онцгой комисс (УОК)-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулав.


Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олон нэг өдрийн цалин буюу нийт 150 сая төгрөгийг УОК-т хандивлав. Түүнчлэн Орхон аймгийн Онцгой комисст 50 сая төгрөг, БНХАУ-ын ард түмэнд 88 сая төгрөг хандивлаж буйгаа тус газрын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Шадар сайд Ө.Энхтүвшинд хэлсэн юм.


Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй ажилтан, албан хаагчдын мэдээлэл, харилцаа холбоог тасралтгүй явуулах зорилгоор "Мобиком корпораци" 10 мянган ширхэг цэнэглэгч картыг УОК, болон аймаг орон нутгийн гамшгаас хамгаалах улсын албадад хандивлалаа. Түүнчлэн энэ сард борлуулах “Хайр түгээе” цэнэглэгч картын борлуулалтын 10 хувийг УОК-т хандивлахаа хэллээ.


"Монголросцветмет” ТӨҮГ-аас эмнэлгийн нэг удаагийн зориулалтын иж бүрэн хувцас хэрэглэл болон бэлэн мөнгө хандивлав. Түүнчлэн Бор-Өндөр сум болон тус газрын харьяа үйлдвэрүүд байрладаг орон нутгийн эмнэлгүүдэд онцгой байдлын үед ашиглах тусгаарлах өрөө, техник хэрэгслийг бэлдсэн тухайгаа уламжлав.


Түүнчлэн БХЯ-ны алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан бол “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, “АОДЭ Экьюпмент” ХХК 2000 ширхэг амны хаалт хандивласан. Түүнчлэн дээрх хоёр компанийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивласан юм.


Ташрамд дурдахад, өмнө нь буюу энэ сарын 4-нд Монгол Улсад "COVID-19" халдвар гарахаас сэргийлэхэд нэгдэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулах ОБЕГ-ын хандивын дансанд 834 сая төгрөг цугласан талаар УОК-оос мэдээлж байсан юм.

Холбоотой мэдээ