ЭМЯ: Иргэд хилийн боомтоо өөрчилж орж ирэх тохиолдол гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-25 23:28:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ коронавируст халдвар /COVID-19/ дэлхийн олон оронд нэмэгдсээр байгааг дахин мэдээллээ.

Тухайлбал, Хорват улсад анхны тохиолдол бүртгэгдсэн бол өвчлөл эрчтэй тархаж буй Италид өвчний тохиолдол 54-өөр, нас баралт 2-оор нэмэгдсэн байна. Иран улсад 20 гаруй тохиолдол нэмэгджээ.  БНСУ-д өвчлөл 893 байсан бол 977-д хүрч 53 тохиолдлоор нэмэгдсэн байна. Австри улсад халдварын анхны 2 тохиолдол бүртгэгджээ. Тархвар судлалын судалгаагаар Италитай хиллэдэг мужаас өвчлөл гарчээ. Тиймээс өвчлөл гарсан бүс нутагт аялсан хүмүүс өвчлөх магадлал өндөр байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг тус яамнаас анхаарууллаа.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, “БНСУ-аас нэлээн олон иргэн зорчиж ирснээс ханиах, халуурах шинж тэмдэг илэрч байна. Багануур дүүрэгт БНСУ-ын Үйжонбу хотоос ирсэн хоёр иргэн хоолой өвдөж, халуурч байна гэсэн зовуурьтай байсан тул тусгаарлаж, шинжилгээ авсан. Мөн Төв аймгийн Цээл суманд БНСУ-ын онгоцоор өчигдөр орой ирсэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Баян-Өлгий аймагт халуурсан зовуурьтай гадаадын нэг иргэнийг тусгаарласан. Бусад хамт ирсэн хүмүүсийг ажиглалтад авч, хянаж байна. Үүнээс гадна Асралт мед эмнэлэгт сүүлийн үед Солонгос улс руу голомтод зорчоод ирсэн ойрын хавьтлын иргэдийг ажиглалтад авч тусгаарлаж байна.


Мөн иргэд хилийн боомтоо өөрчилж орж ирэх тохиолдол гарч байна. Тухайлбал, Сөүлээр ирэх байсан иргэд тэндээс ирж байгаа иргэдийг тусгаарлаж байгаа гэх мэдээллийг аваад ОХУ-ын Эрхүү хотын боомтоор дамжаад Алтанбулагийн боомтоор орж ирэх гэж байгаа мэдээлэл ирсэн. Тиймээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын боомтоор орж ирэх гэж байгаа иргэдийг тусгаарлан сэргийлэх бэлтгэл ажлыг хийгээд байна. 


Үүнээс гадна иргэд мэдээллээ буруу бөглөж байна. Хилийн хяналтад мэдээллээ үнэн зөв өгөх ёстой. Мэдээллээ буруу өгсөн тохиолдол гарч байна. Жишээ нь, Дэгү хотод сурдаг хүүхэд орж ирээд зургаа сельфидээд тавьсан байх жишээтэй. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллагаар шалгуулж байна. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал дэлхий нийтэд үүсээд байгаа үед иргэд өөрсдөө ухамсартай хариуцлагатай байх ёстой" хэмээв. 


Холбоотой мэдээ