Даланзадгадын есөн алдартныг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-19 11:25:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумынхан өнгөрч буй гахай жилдээ ажил үйлсээрээ манлайлсан онцлох есөн шилдгээ шалгарууллаа. 

Сумын  “2019 оны есөн алдартан”-уудыг есөн номинацаар шалгаруулчээ. “Оны шилдэг төрийн албан хаагч”-аар  Гэндэндаржаагийн Мөнхчулуун тодров.

Тэрээр Мал эмнэлгийн газрын Мал, амьтны эрүүл мэндийн албаны даргаар ажиллаж байгаа юм. Малын эмч мэргэжилтэй Г.Мөнхчулуун Даланзад сум төдийгүй Өмнөговь аймгийнхаа малын эрүүл мэндийг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй.

“Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан”-аар ”Энхийн хүслэн” ӨЭМТ-ийн эх баригч, бага эмч Пүрэвийн Жаргал, “Оны шилдэг боловсролын ажилтан”-аар  гуравдугаар сургуулийн технологийн багш Уламбаярын Ганхөлөг, “Оны шилдэг сурагч”-аар нэгдүгээр сургуулийн сурагч Баян-мөнхийн Очбадрах, “Оны шилдэг бүтээн байгуулагч, бизнес эрхлэгч”-ээр ”Гүрэм Цах-Уул” ХХК-ий захирал Доржийн Мөнхбат, “Оны шилдэг соёл, урлагийн алдартан”-аар дөрөвдүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Халзангийн Цэрэннадмид, “Оны шилдэг спортын алдартан”-аар долдугаар сургуулийн багш, дасгалжуулагч Банзрагчийн Сайхантуул, “Оны шилдэг хөдөө аж ахуйн ажилтан”-аар хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн их эмч Шонхоны Мандах нар шалгарав.

Мөн “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар ”Задат” ХХК-нийн захирал Цэдэвийн Болор-Эрдэнэ тодорлоо. Тэрээр 11 дэх жилдээ талх нарийн боов буюу гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Энэ хугацаанд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, тогтмол ажлын байр бий болгосон гээд олон амжилт гаргасан аж.

Холбоотой мэдээ