Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-02-18 11:33:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавируснээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр сумдын дарга, ЭМТ-ийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. 

Аймгийн онцгой комиссоос зохион байгуулсан цахим хурлаар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, коронавируснээс урьдчилан сэргийлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм.

Үүнд Гамшгаас хамгаалах хуулийн хэсэгт зааснаар гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж сумандаа шуурхай штаб байгуулж ажиллах, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах, шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангахыг сануулсан байна.

Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч дамжуулах, цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох хэрэгтэйг хэвлэлийнхэнд анхааруулсан байна.

Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгслийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх, гамшгийн нөөцийг нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нутгийн байгууллага хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах, цагаан сарын баяртай холбогдуулан хүнс барааны үзэсгэлэн худалдааг зохион байгуулахыг хориглосон.

Үүний зэрэгцээ ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээ, ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийж 22:00 цаг хүртэл ажиллуулах, шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд олон нийтийг оролцуулахгүй байх арга хэмжээг авах, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг үүрэг болгов.

Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхэдтэй эмнэлэгт эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчдад тав хүртэлх хоногийн цалинтай чөлөөг олгохоор болсныг дуулгав. 

Холбоотой мэдээ