ХӨСҮТ: Ухань хотоос ирсэн оюутнуудаас дахин шинжилгээ авна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-02-13 12:33:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим орчинд өчигдөр орой худал дуут мессэж тараасан Чингэлтэй дүүргийн иргэн Г-г шалгаж байгаа талаар ЦЕГ-ын Хэв журамтай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.

Тэрбээр хэлэхдээ, “Өчигдөр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргасан. Хөвсгөлд нэг хүн шинэ коронавирусний халдвар авсан нь баталгаажсан” гэх дуут мессэж худал гэдгийг тогтоосон. Цахим орчинд худал мэдээлэл тараах, иргэдийг төөрөгдүүлэх явдал их гарч байна. Энэ дуут мессэжийг тараасан иргэнийг шалгаж байна.  Худал мэдээлэл тараасан иргэнийг Зөрчлийн хуулиар 2 сая төгрөг, ААН-ийг 20 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай” гэв. 
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү,  “Сүхбаатар аймагт тусгаарласан 2, Замын-Үүдэд тусгаарласан 2 иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Дорнод аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу гараагүй байна. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний сорьц өнөө өглөө 5 цагт ирсэн. Хариу гараагүй байна. Өнөөдрийн байдлаар 120 иргэнд шинжилгээ хийгээд байна. Ухань хотоос  ирсэн оюутнуудын биеийн байдал сайн, халдварын шинж тэмдэг илрээгүй, ойрын хугацаанд дахин шинжилгээ авч тусгаарласан хоногийг сунгах эсэхээ шийднэ. Түүнчлэн өчигдөр Японоос 1000 оношлуур ирсэн. Үүн дээр нэмээд ДЭМБ-аас 3000 оношлуур ирнэ” гэсэн юм.

“Шинэ коронавирусний халдварын тархац өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид тус халдварын тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн мэдээллээр халдвар авсан 15 346, нас барсан 253, эдгэрсэн 671-ээр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна” хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тодотгов.

 

П.Хүслэнтуяа


Холбоотой мэдээ