Шинэ хуулийг хэрэгжүүлэхэд 2533.2 сая төгрөг шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-25 13:37:04

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралд Шүүхийн Захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир "Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2016 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2016 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Цэцийн дээрхи шийдвэрийн дагуу "Аймаг бүрт давж заалдах шатны шүүх”, "Дүүрэг бүрт анхан шатны шүүх” байхаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулж Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөн, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д уламжилсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ дөрөвдүгээр сарын 22-ны өдөр УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр Орхон, Дархан-Уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий давж заалдах шатны шүүх байгуулагдана. Харин хүн амын нягтаршил, хэрэг маргааны гаралтын төвшнөөр өндөр Орхон, Дархан-Уул аймагт одоогийн байгаа Эрүүгийн болон Иргэний хэргийн төрөлжсөн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаа явуулна. Аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Эрүүгийн, Иргэний хэргийн танхимын аль нэгэнд харьяалагдаж, бусад танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохгүй байх, мөн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад холбогдох өөрчлөлтийг оруулна.Дүүргийн тухайд бол нийслэлийн долоон дүүрэг тус бүрт эрүүгийн болон иргэний хэргийн анхан шатны шүүх байх, харин Багахангай дүүргийн хүн амын тоо, хэрэг маргааны гаралт бага байгаа нөхцөл байдлыг харгалзан Багахангай, Налайх дүүргийн дунд эрүү, иргэний тус бүр нэг шүүх байхаар тусгалаа. Ингэснээр дагнан мэргэшсэн шүүх, шүүгчээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхийг зорьсон шүүхийн шинэтгэлээс ухрахгүйгээр Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгах юм.Энэхүү хуулийн төслөөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн найман шүүх 16 болж, нийтдээ 15 шүүх шинээр байгуулагдан анхан болон давж заалдах шатны 99 шүүх 115 болж нэмэгдэнэ. Шүүгчдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр 13 аймагт байгуулагдах давж заалдах шатны шүүхэд 38 шүүгч буюу орон нутгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 55,8 хувийг нүүлгэн шилжүүлнэ. Уг хуулийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2533,2 сая төгрөг шаардагдах юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ