ЭМЯ: Коронавируст халдварын сэжигтэй дөрвөн иргэний шинжилгээний хариу хараахан гараагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-30 13:36:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Шинэ төрлийн короновирусийн халдварын оношлуурыг дахин худалдан авах болсон талаар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица өнөөдөр мэдээллээ.


Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн улс орнуудад өвчний тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж байгаа учир ДЭМБ-ын дэргэдэх Онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар болсон. ДЭМБ Монголын ЭМЯ-тай хамтран коронавирусний оношлуурыг дахин худалдан авахаар боллоо. Ойролцоогоор 2500-3000 оношлуур авахаар төлөвлөж байна” гэв.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, “Энэ сарын 28-ны байдлаар манай эмнэлэгт 14 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэдний хариу бүгд сөрөг гарсан учраас зөвлөгөө өгөөд гаргасан. Өчигдөр дөрвөн иргэнээс коронавируст халдварын сэжигтэй тохиолдол байж магадгүй хэмээн ХӨСҮТ-ийн клиникийн тасагт шинжилгээ авсан. Хариу хараахан гараагүй байгаа бөгөөд  гарсан даруйд мэдээлнэ” гэсэн юм. Мөн тэрбээр “Иргэд наад захын дадлыг баримталж хэвших хэрэгтэй байна. Хүнтэй гар барихгүй мэндэлж, гадаа нус цэрээ хаяхгүй, бээлий өмсөж хэвших хэрэгтэй. Засгийн Газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэгийг түр зогсоосон. Энэ хугацаанд иргэд дархлаагаа дэмжиж, цэвэр агаарт гарах боломжтой. Хүн бүр дор бүрнээ хичээвэл өөрсдийгөө хамгаалах боломжтой ” гэв.


Ташрамд дурдахад, өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар, шинэ коронавирусээр халдварласан 170 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 7711-т хүрсэн бол 124 хүн эдгэрчээ.  Мөн шинэ коронавируст халдварын тохиолдол илэрсэн нэг улс нэмэгдсэн нь  Арабын Нэгдсэн Эмират улс юм. Тус улсад дөрвөн тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

П.Хүслэнтуяа


Холбоотой мэдээ